Монголын үзэгчдийг байлдан дагуулсан “Авьяаслаг монголчууд-2016” шоуны оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг америкчууд-2017” шоунд оролцож, нэгдүгээр шатанд тэнцээд байна. Тэрбээр одоогоор эх орондоо байна, “Авьяаслаг америкчууд-2017” шоуны дараагийн шатны бэлтгэлээ базаагаад тун завгүй аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
Америк, Британи, Ази, Франц, Германы “Got talent” шоунд оролцох санал ирсэн
-Сайн уу? юуны өмнө “Авьяаслаг америкчууд” шоуны нэгдүгээр шатанд тэнцсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монгол Улсаа төлөөлөөд энэхүү тэмцээнд оролцож, эхний шатандаа тэнцсэндээ маш их баяртай байна. Америкт үзүүлбэр үзүүлэхээсээ хоёр хоногийн өмнө очсон. Тэр үеэр “Got talent”-ийн багийнхантай уулзах гээд очиход шоуны багийнхан тэмцээн эхлэх гээд маш их завгүй ажиллаж байсан учраас биднийг үзэгчдийн суудалд суулгасан. Үзэгчдийн суудалд суугаад бараг 7-8 үзүүлбэр үзсэн. Тэр дунд ямар ч сул үзүүлбэр байхгүй байгааг хараад тухайн үед маш их айх, түгших сэтгэгдэл төрсөн. Яалт ч үгүй өөр тайзан дээр ирсэнээ ухаарсан.
“American’s got talent”-ийн энэ жилийн хөтлөгч “American’s top model” шоуны шүүгч, хөтлөгч Tyra Banks байсныг мэдээгүй байхад миний хажууд гарч ирээд надаас сэтгэгдэл асуухад маш их цочирдсон. Бид хоёрын хооронд нэг алхам ч хүрэхгүй зайтай байсан. Энэ нь надад бас маш гайхалтай сэтгэгдэл үлдээсэн.
-Өөрийн чинь үзүүлбэр дэлхийн “Got Talent” шоуны шилдэг үзүүлбэрүүдэд багтсан байсан шүү дээ?
–Дэлхийн “Got talent”-д намайг онцолж, шилдэг үзүүлбэрүүдийн тоонд оруулсанд маш их баяртай байгаа. Өмнө нь би “Got talent” бүү хэл, ямар ч тэмцээнд орно гэж бодож байгаагүй. Өөрийнхөө үзүүлбэрийг хүмүүст ингэж хүрнэ ч гэж бас төсөөлөөгүй байсан. Найзынхаа дурсгалд зориулж “Mongolians got talent” шоунд орох болсон маань энэ бүх зүйлийн эхлэл байсан.
-Хэзээнээс “Авьяаслаг америкчууд” шоунд оролцохоор шийдэв?
-“Mongolians got talent” шоуг дууссаны дараа хэд, хэдэн орны “Got talent” шоунаас оролцооч гэсэн санал надад ирсэн. Үүнд, “Americans got talent”, “Britian’s got talent”, “Asia’s got talent”, “French’s got talent”, “Germany’s got talent” гээд хэд хэдэн орноос оролцох санал ирүүлсэн. Энэ дагуу “Mongolian’s got talent”-ийн албан ёсны зохион байгуулагч “Монгол ТВ”-ийн продакшныхантай ярилцаж үзээд “Americans got talent”-д оролцоод үзэхээр шийдсэн. Цаг хугацааны хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр юм байна.
Миний үзүүлбэрийг хоёр удаа буцаасан
-Үзүүлбэрээ бэлдэхэд хэр хугацаа шаардав. Ямар нэгэн хүндрэл бэрхшээл байсан уу?
–Би “American’s got talent” шоунд оролцохоор шийдсэн цагаасаа эхлээд бэлтгэлээ маш эрчимтэйгээр хийж эхэлсэн. Бэлтгэл хийж эхлэх үед хамгийн эхэнд үзүүлбэрийнхээ хөгжмийг сонгоход хамгийн их бэрхшээл дагуулсан. Энэ тэмцээний эхний шалгаруулалтанд оролцохын өмнө хоёр үзүүлбэр бэлтгэж, шоуны баг руу явуулсан. Гэвч үзүүлбэртээ ашигласан аяны зохиогчийн эрхийг тухайн шоуны баг авах боломжгүй байна гэдэг хариулт ирүүлсэн учраас миний үзүүлбэрийг хоёр удаа буцаасан. Иймээс хоёр талаасаа байж болох бүх боломжит хувилбараар саналаа солилцсоны үндсэн дээр нэг ая сонгогдож, үзүүлбэрээ энэ аян дээрээ тохируулан бэлдсэн. Ая сонгогдсоны дараа үзүүлбэрээ бэлдэх хугацаа ердөө нэг сар байсан. Энэ хугацаанд амжуулж үзүүлбэрээ бэлтгэхийн тулд ажил дээрээ хонон өнжин бэлтгэлээ хийсэн дээ./инээв/
-Яаж Б.Шижирбат хоёр ихэр болсон нь сонирхол татаж байна. Нууцаасаа хуваалцаж болох уу?
–Нууц ч гэж дээ. Техникийн хувьд өөрийгөө хувилахад тийм ч хүндрэлтэй биш. Хамгийн гол нь анх бичсэн зохиолынхоо дагуу, хүн бүр өөртөө байдаг муу тал, муу зуршилтайгаа тэмцэж байгаа тухай дүр бүтээхийн тулд өөрийгөө дахин нэг хувилах шаардлагатай болсон. Шоуны шүүгч Саймон Каэулийн хүлээж байгаагүй зүйлийг гаргасан учраас түүний сэтгэл хөдөлсөн байх аа гэж бодож байна.
-Энэ жилийн American’s got talent-ийн онцлогоос дурдвал?
–Энэ жил “American’s got talent” шоу 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Өмнөх жилийн шоунуудтай харьцуулахад илүү өргөн хүрээнд болсон. Маш олон орны “Got talent”-ийн шилдэг оролцогчид ирж оролцсон.
Надаас гадна дөрвөн Монгол хүн тэмцээнд оролцсон
-Монголоос оролцож байгаа гэхэд хэрхэн хүлээн авав. Өөр монгол оролцогч бий болов уу?
–Надаас гадна тус улсад амьдардаг дөрвөн Монгол хүн энэ тэмцээнд оролцсон. Шүүгч нар намайг хаанаас ирсэн бэ гэж асуухад Монголоос ирсэнээ хэлэхэд шүүгч Heidi маш сонирхож хүлээж авсан. Өөрөө өмнө нь манай улсын нийслэлд очиж байсан гэдгээ дурдсан.
-“Авьяаслаг америкчууд” шоуны тайз гэрэл гээд технологийн дэвшилээс хуваалц аач?
–Техник технологийн хувь “Mongolian’s got talent” шоунд ашиглагдаж байсан технологиудтай бараг адилхан хэмжээнд байсан. Нэгдүгээр шат зохион байгуулагдсан заалны хувьд том байсан.
-Хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа гадаад хэлээ сайжруулах зорилготой байгаа гэж хэлсэн байсан. Шоунд оролцоход хэлний бэрхшээл гарч байна уу?
–Тэмцээнд оролцож байгаа учраас үзүүлбэрийн бэлтгэл хийх цаг хугацаа маш давчуу байгаа учраас гадаад хэлээ сайжруулах тал дээр анхаарал хандуулах боломж тэр бүр гарахгүй байна. Шоунд оролцож байх үеэр хэлний бэрхшээл бол гараагүй.
“Авьяаслаг монголчууд” шоуны дараагаар Голландын алдартай дижи хамтран ажиллах санал тавьсан гэж дуулсан. Энэ үнэн үү?
–Үнэн үнэн. Гэхдээ “American’s got talent”-д оролцохоор шийдсэн байсан учраас үүнд нэг их сайн анхаарал хандуулж чадаагүй. Магадгүй энэ бүхний дараа дахин холбогдож магадгүй байх.
Хамтлагийн шинэ уран бүтээлүүд сошиалд хандалт өндөртэй байгаад баяртай байна
–“Punk And Rap” хамтлагийнхантайгаа “Алдсан нь гоцол”, “Од хооронд” хэмээн нэгэн шинэлэг уран бүтээл хийсэн байсан. Шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
–“Алдсан нь гоцол” гэдэг бүтээлийг миний найз Бадмаараг ганцаараа гардаж хийсэн. Од хооронд гэдэг клипийг Бадмаараг бид хоёр хийсэн. Зураг авалтаа элсэн тасархай, Тэрэлжид очиж хийсэн. Ерөнхий графикаа яг өөрөө гардаж хийгээд, харин зураг авалт болон өнгө тавилт, цоололтыг Бадмаараг маань хийсэн. Эдгээр шинэ уран бүтээлүүд маань сошиал дээр хандалт өндөртэй байгаад баяртай байгаа.
-Хамтлагийнхаа дараа дараагийн уран бүтээлийг төлөвлөсөн байгаа юу?
–Хамтлагийнхаа уран бүтээлд одоогоор хэсэгтээ оролцож чадахгүй байх. Хийе гэсэн бодсон санасан зүйлс их байгаа.
-“Punk And Rap” хамтлагаараа чөлөөт бүжгийг хөгжүүлж, олон жил бүжиглэсэн. Цаашдаа хамтлагаараа бүжиглэх үү?
–Манай хамтлаг хамтлагаараа бүжиглэхээ болиод гурав дөрвөн жил болж байна. Цаашинд бүжиглэхгүй байх гэж бодож байна.
-Гэр бүлийнхэн нь маш их дэмжиж байгаа байх. Америк руу найз бүсгүйтэйгээ хамт яваа юу?
-“Mongolian’s got talent”-д оролцсоноос хойш аав маань миний хамгийн сайн дэмжигч болсон. Мөн хадам аав, ээж хоёр маань маш их дэмжиж туслаж байгаа. Хадам аавтайгаа техникийн тал дээр мөн хамтарч ажилладаг. “American’s got talent” руу явахдаа эхнэртэйгээ хамт яваагүй.
-Авьяаслаг уран бүтээлч Б.Шижирбатын цаашдын зорилго юу вэ?
–Миний хийж байгаа уран бүтээлийн төрөл бол график дизайн, анимейшн дэнс гэдэг ч юм уу тодорхой нэршил байхгүй. Дэлхий дахинд хөгжиж яваа төрөл гэж хэлж болох байх. Энэ төрлийн уран бүтээлийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг маш их хүсэж байна. Энэ төрлийн уран бүтээлийг цаашид илүү сонирхолтойгоор, өөр хэмжээнд үзүүлэхийг хүсэж зорьж явдаг даа.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ