Ху Жин Тао: Юань дэлхийн эдийн засгийн гол тоглогч болно

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Ху Жин Тао: Юань дэлхийн эдийн засгийн гол тоглогч болно

Ху Жин Тао: Юань дэлхийн эдийн засгийн гол тоглогч болно

БНХАУ-ын дарга Ху Жин Таогийн Вашингтонд хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. АНУ-ын “Вашингтон Пост” сонины сэтгүүлч түүнтэй айлчлалын талаар  ярилцжээ.

-АНУ, БНХАУ-ын өнөөгийн харилцаа болон харилцан    ашиг­тай ажиллах хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа вэ. Мөн хоёр орны харилцааг олон жил үргэлжлүүлж, тайван, тогтвортой хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-XXI зуун Америк болон Хята­дын харилцаанд ахиц гарч тогт­вортой хөгжих боломж олгосон. Б.Обамаг Ерөнхийлөгч болсноос хойш бид харилцан айлчлал хийх, утсаар ярил­цах, захидал бичих зэргээр ха­рилцаагаа улам ойртуулсан юм. Мөн талууд эерэг, нөхөрсөг ха­рил­цааг бий болгохыг зорьж, стра­тегийн болон эдийн засгийн то­моохон механизмыг хамтдаа бий болголоо. Америк, Хятадын харилцаа худалдаа, эрчим хүч, байгаль ор­чин, терроризмын эсрэг тэмцэл, соёл урлаг зэрэг салбарт улам өргөжсөн. Мөн дэлхийн санхүүгийн хямрал, цаг уурын өөрчлөлт зэрэг олон улсын болон бүс нутгийн шинжтэй асуу­далд хамтран ажилласнаар Бээжин, Вашингтоны олон улсад үзүүлэх стратегийн нөлөө өссөн гэж болно. Хятад дэлхий нийтийн асуудалд анхаарал хандуулж, хариуцлага үүрч, энхтайван, бүх нийтийн хөгжил дэвшлийн төлөөх байр суурин дээр зогсдог. Би үүнийг харилцан ашигтай ажиллах болон Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааг тэлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг ханган удирдлагыг нэг гарт төвлөрүүлэх боломж гэж үздэг. Хятад, Америк хоорондоо сөргөлдөхөөс зайлсхийж, өөрсдийн бус дэлхий нийтийн сонирхлыг хүндэтгэдэг. Бээжин, Вашингтоны харилцааг сайжруулахын тулд бид хамтын зорилгодоо хүрч нэгдмэл  санаатай байх шаардлагатай. Үүний тулд бидэнд хийх ёстой дөрвөн зүйл бий. Нэгдүгээрт, бие биедээ итгэж, яриа хэлэлцээр, харилцаа холбоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, нэг нэгнийхээ сонголтыг хүндэтгэж, хүйтэн дайны аюулаас холдох ёстой. Гуравдугаарт, нэг нь нөгөөгийнхөө бие даасан, нутаг дэвсгэрийн хал­дашгүй байдал болон хөгжлийн сонирхол зэрэг тулгамдсан асуудалд зохистой хандах шаардлагатай. Дө­рөвдүгээрт, боломж олгох нь зүйн хэрэг.

-Хятадад гадны хөрөнгө оруу­лалт нэмэгдэж байна. Гэтэл Аме­рикийн компаниуд танай орны бизнесийн орчинд шүүмжлэлттэй ханддаг. Тиймээс танай Засгийн газар АНУ болон бусад орны хөрөнгө оруулагчдад ямар боломж олгох вэ?

-Гадны хөрөнө оруулалтыг та­тах нь Хятадын төрийн бодлогыг нээлттэй болгоход чухал үүрэгтэй. Бээжин Дэлхийн худалдааны төвд элссэнээс хойшхи арван жилийн хугацаанд гадаад болон дотоод бод­логоо тус байгууллагын журамтай уялдуулан засч сайжруулсан. Гад­ны бүх компани Хятадад ажил олгогч гэсэн статустай болж, үйлд­вэрлэл болон бизнесийн үйл ажиллагаа нь дотоодын ажил олгогч­дын жишгээр явагддаг. Мөн Засгийн газар дэлхийн санхүүгийн хямралын эсрэг бодлого, төлөвлөгөө боловсруулж, арга хэмжээ авсан нь ажил олгогчдод таатай орчны бүрдүүлж өгсөн. Хамгийн гол нь бидний зүгээс суурь бодлогуудаа нээлттэй байлгахыг чухалчилдаг юм.  Гадны хөрөнгө оруулалтыг эр­чим­тэй, үр дүнтэй ашиглаж, бүтэц, зохион байгуулалтаа сайжруулснаар олон хувилбар дэвшүүлж, тэдэнд илүү олон салбарыг нээж өгдөг. Цаашид гадныхны сэтгэлийг зо­воож буй хууль эрх зүйн орчны зохицуулалтыг сайжруулж, олон улсын хамгаалалтыг илүү хүчирхэг болгоно. Ингэснээр нээлттэй зах зээл бий болж, стандарт тогтоож, өндөр бүтээмж бүхий удирдлагын тогтолцоог бий болгох юм. Ингэж чадвал гадны ажил олгогчдод учир­даг бэрхшээл хөнгөрөх юм.

-Та бүхэн 2008 онд нүүрлэсэн  санхүүгийн хям­ралаас ямар сургамж авав. Хятад хямралын эсрэг арга хэмжээ авс­наар ямар үр дүн гарсан бэ?

-Эдийн засгийн салбарт шинэ санаачилга, оновчтой зохицуулалт дутагдсанаас санхүүгийн хямрал үүссэн. Хямрал орчин үеийн эдийн засгийн хөгжил болон даяаршил, их хэмжээний активт ноцтой гэмтэл учруулсан. Олон улсын санхүүгийн хүрээлэнгүүд дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй орнуудын статусыг тогтоох чадвараа алдахад хүргэсэн байна. Ингэснээр тэдгээр хүрээлэнгүүд дэлхийд нөлөөлөх чад­вараа бэхжүүлж, бодлого хэ­рэгжүүлэх боломжуудаа ч алдсан. Үүний дараа олон улсын санхүүгийн тогтолцоо хямралын эсрэг хаалт тавих, бусдыг уналтаас гаргах, сэр­гээн босгох нөөцийн хомсдолд оржээ. Хэдий тийм боловч олон улс болон Их 20-ийн гишүүд зөвшилцөлд хүрч, санхүүгийн хямралаас гарах шинэчлэл явуулсан нь сайшаалтай явдал юм. Олон улс хамтран дэлхийн санхүүгийн тогтолцоонд шинэчлэл хийж, сайн заавар боловсруулж чадна гэдэгт бид итгэдэг. Дэл­хий нийт санхүүгийн секторуудын удирдлага, зохицуулалт төдийгүй зарлага, хадгаламж зэрэг хэдхэн асуудалд хэт туйлшрахгүй байх нь эдийн засгийн урт настай тогтвортой байдлыг бий болгоно. Эдийн засаг тогтворгүйжсэн нь өнөөдөр дэлхий нийтэд үзүүлсэн хамгийн ноцтой нөлөө.  Хөгжиж буй орнууд харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа ойртуулахын тулд тэнцвэрээ олох хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй эдийн зас­гийг бий болгоно шүү дээ. Санхүүгийн хямралын үеэр Бээжин урьдчилан тааварлаагүй олон бэрхшээл, сорилттой тулгарсан. Энэ үед бид макро эдийн засгийн бодлогоо засч сайжруулан хялбар мөртлөө үр дүнтэй валютын бодлого боловсруулж, дотоодын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ашигласан нь цагаа олсон юм. Үйлдвэрлэлийг эрчимжүүлэх төлөв­лөгөө боловсруулан технологийн шинэчлэл явуулсан нь дэлхийн эдийн засаг нөхөн сэргэхэд нөлөөлсөн гэж болно. Тиймээс Хятад улс цаашид эдийн засгийн хөгжлийг зөв голдиролд оруулахын тулд шинжлэх ухааны хөгжлийг голчилно. Мөн бид бусад улстай хамтран ажиллахад бэлэн байна.

-Ам.долларын ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ. Юанийг олон улсын мөнгөн тэмдэгт болгох тухайд юу гэж үзэж байна вэ. Зарим ажиглагч юаний өсөлт Хятадын инфляцийг барьж тогтооно гэсэн. Энэ талаарх таны бодол?

-Олон улсын  мөнгөний тогтолцоо бол үеэ өнгөрөөсөн зүйл. Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүгийн бүхий л үйл ажиллагаа, валютын нөөцөд ам.доллар зонхилох үүргийг гүй­цэтгэж ирсэн шүү дээ. АНУ-ын валютын ухаалаг бодлого дэлхийн санхүүгийн хөрвөх чадвар, капи­талын урсгалд хүчтэй нөлөөлсөн.  Ингэснээр тус улсын мөнгөн тэмдэгт дэлхийн хэм­жээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Хятад дэлхий нийтийн худалдаа, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, юань эдийн засгийн гол тоглогч болно. Юанийг хил дамнасан худалдаа, хөрөнгө оруу­лалт зэрэгт өргөнөөр ашиглах бол­сон нь Хятадын зүгээс дэлхийн санхүүгийн хямралд барьж буй хариу. Энэ нь худалдаа,  хөрөнгө оруулалтыг харин ч хөнгөвчилж өгсөн. Мөн зах зээлийн шаардлагад төгс тохирч байгаа бөгөөд маш богино хугацаанд санхүүгийн бүх үйл ажиллагаанд хүрээгээ тэлсэн. Хятад инфляцийг бууруулах багц төлөвлөгөө хэрэгжүүлж, ханшийн үнэлгээг өөрчилж байна.

-Хятад улс 11 дэх та­ван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүллээ. Ингэснээр нийг­мийн хөгжил, эдийн засгийн сал­барт ямар амжилт гаргав. Хята­­дад инфляци хяналтаас гарах эрсдэл нүүрлэх болов уу. Засгийн газрын явуулж буй эдийн засгийн шинэчлэлд ямар ахиц гаргах вэ?

-11 дэх таван жилийн төлөвлөгөө Хятадын хөгжилд нэгэн чухал үе байсан. Дотоод, гадаадад цогц өөрчлөлт хийхэд эрсдэл, сорилт гээд олон зүйл тулгарч байсан ч бид ирээдүйг харсан шинжлэх ухааны таамаглалд анхаарлаа хандуулж, макро эдийн засгийн зохицуулалтыг сайжруулснаар зах зээлд томоохон үүрэг гүйцэтгэх эрхийг бусдад олгосон. Ингээд дотоодын эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, нийгмийн байдлыг тэнц­вэржүүлэх санаачилга бүхий алхам хийлээ. Хятадын ДНБ өнгөрсөн таван жилийн хугацаанд 11 хувьд хүрч дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэв. Хөдөө аж ахуйн хөгжил түргэсч санхүүгийн салбарын найдвартай үйл ажиллагаа бий болжээ. Эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулсан нь чухал арга хэмжээнд тооцогдож буй. Үүний нөлөөгөөр төв газар болон орон нутгийн хөгжлийн ялгаа арилж, бүх тал дээр давуу тал бий болсон. Эдийн засгийг хөгжүүлэх явцдаа бид хүн ардын сонирхлыг нэн тэргүүнд тавьж, нийгэмд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь ард түмний амьжиргааг сайжруулахад дөхөм болно.

-Хятад үүнийгээ тайван хөгжил хэмээн мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн жилээс Хятад илүү түрэмгий болж эхэллээ шүү дээ. Та үүнийг Хятад, Америк болон хөрш орнуудын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж бодохгүй байна уу?

-Хөгжлийн тайван замыг сон­гох нь Хятадын Засгийн газар болоод ард түмэн, цаашлаад дэлхий нийтэд чухал алхам. Энэ бол үргэлж баримтлах учиртай бодлого юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид бүтээлч ажил хөдөлмөр, шинэчлэлээр бусад улстай нөхөрлөлөө бэхжүүлж, ашиг сонирх­лоо нэгтгэснээр хөгжлийн оргилд хүрнэ гэсэн үг юм. Бид тэнцвэртэй байдал, улс хоорондын ашиг сонир­хол, газар нутгийн халдашгүй бай­дал болон хөгжлийн төлөө зогсдог. Цаг нь ирэхээр бид олон улсын харилцааны удирдлага, ойлголцлын зарчим, зохицуулалт, яриа хэлэлцээрийн замаар олон улсын үл ойлголцлыг шийдвэрлэнэ. Хятад, АНУ болон хөрш орнуудын харилцаа сүүлийн жилүүдэд тогт­воржиж байгаа. Бээжин болон бусад улс бие биедээ итгэх итгэлцлээ улам зузаатгаж, хамтын ажиллагаагаа өр­гөжүүлж, ашиг сонирхлыг хүн­дэтгэснээр өмнөө тулгарсан ямар ч саадыг давж чадна. Олон улсын харилцаа цаашид хэрхэн өөрч­лөгдөхийг таах боломжгүй ч бид бусад улстай хамтран ажиллахад бэлэн байна. Хамтын ажиллагаа бол энхтайван, тогтвортой байдлыг цогцлоох үндэс юм.

-Хятад улс Солонгосын хой­гийн асуудалд ямар байр суурь баримталж байна вэ. Бээжин хоёр Солонгос эргэн нэгдсэнээр бүс нутагт тогтвортой байдал бий болно гэдэгт итгэдэг үү. Умард Солонгосын цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгааг юу гэж үзэж байна вэ?

-Солонгосын хойг өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш маш түгшүүртэй байлаа. Хятад улс бусад улс оронтой хамтран тус бүсийн түгшүүрийг намжааж энхтайван, тогтвортой байдлыг бий болгохын төлөө багагүй зүтгэж байна. Бээжин Пхеньян болон Сөүлийн эрх баригчдыг тайвширч, аливаа эрсдэлтэй алхам хийхээс сэргийлж, нөхцөл байдлыг намжаан хэлэлцээрийн замаар маргааныг шийдвэрлэхийг шаардсан. Мөн холбогдох талуудыг ч нөхцөл байдалд бодлоготой хандахыг шаардсан шүү дээ. Харин сүүлийн үед Хятад болон бусад улсын хичээл зүтгэлээр Солонгосын хойгийн нөхцөл байдал арай зөөлөрч эхэлсэнд би баяртай байгаа. Хятад болон бусад улс харилцан бие биедээ нөлөөлж, Солонгосын хойгийн түгшүүрийг намжаах хэлэлцээр хийж, хоёр Солонгосыг эерэг чиглэлд хандуулна гэдэгт итгэж байна. Умард болон Өмнөд Солонгосын ойр түншийн хувьд Хятад улс хоёр орон харилцаагаа сайжруулж нэгдэнэ гэдэгт найддаг. Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бий болгох нь зөрчилдөгч талуудын хувьд ч гэсэн нэн тэргүүний зорилго шүү дээ. Бээжин Пхеньяны цөмийн хөтөлбөрт багагүй анхаарал тавьдаг. Бид тайван замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлж, зүүн хойд Азид энхтайвныг цогцлоохын төлөө зургаан талт хэлэлцээр эхлүүлэхийг идэвхтэй уриалж байгаа юм. Үүний тулд бид бүхнийг хийж байна. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Солонгосын хойгийн асуудалд оролцогч талууд бие биеэ хүндэтгэж, эрх тэгш хандах явдал юм.

Т.ОТГОНБАТБАЯР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж