МАН-ын Бага хурлын гишүүн М.Ганбаатартай ярилцлаа.
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч МАН-ын гишүүд намынхаа удирдлагад хариуцлага тооцох асуудлыг хөндөж эхэлсэн байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-МАН-ын дүрэмд аливаа сонгуульд ялагдвал шат, шатандаа хариуцлага хүлээнэ гэж заасан. Энэ дүрмийг намын удирдлагууд баримтлах хэрэгтэй. Ер нь бол Монголд намын дүрэм гэлтгүй хууль ч гэсэн дээд шатандаа үйлчилдэггүй, доороо хэтрүүлэн хэрэгждэг тогтолцоо бий болчихсон. Намын жирийн гишүүдэд намын дүрэм бол хууль, намын удирдлагуудад дүрэм биш байж болохгүй. Нэгэнт сонгууль удирдаж чадаагүйгээс ялагдсан бол хариуцлагаа дээрээсээ эхлээд хүлээх ёстой. Намын төв штабаас эхлэн хариуцлагаа хүлээн, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Алдаа гаргаад хариуцлага хүлээнэ гэдэг бол дэлхийн хаана ч байдаг том соёл.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга бол намд хамгийн чухал албан тушаалтан. Энэ хүн улс төрийн соёл гаргаад өөрөө өргөдлөө өгөх ёстой. МАН бол зөв нам. Энэ нам зөвөөрөө үлдэхийн тулд удирдлагууд нь улс төрийн соёл гаргаж, огцрох ёстой.
-2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагаанд тавьсан дүн байсан уу, эсвэл өөр шалтгаан байв уу?
-Ард иргэдийн зүгээс МАН-аас маш их зүйл хүлээсэн. 2016 оны өмнө МАН-ыг гудамжинд гаргасан нь буруу гэдэг ойлголтыг иргэдэд ойлгуулах гэж олон ажил санаачилж хийсэн. Нөгөө талаар иргэд 2016 онд МАН-д итгэсэн. Энэ итгэл шаргуу хөдөлмөр, тэмцэл бүтээлийн үр дүнд ирсэн. Ялангуяа 2012-2016 онд намын удирдлагууд Төрийн ордонд буйдантай жагсч, ордны гадна намын гишүүд жагсч, бойкотлох гэх мэт олон акцийг зохион байгуулж, тэмцэж явсан. Яг үнэндээ МАН-ын ялагдал бол гудамжинд над шиг нусаа гоожуулаад тэмцэж явсан хүмүүсийг тэр чигт нь гудамжинд үлдээсний гай. Гадаадаас том дарга нар орж ирээд бүх ажил, албан тушаалыг хуваарилан авч, амьдралаас тасархай шийдвэрүүд гаргасны гавьяа.
–Гадаадаас хэдэн дарга нар ирээд албан тушаал хуваарилж, томилдогийг яаж болиулах ёстой юм бэ?
-Намын гишүүд юу хүсч байгааг сонсдог удирдлага алга. Мөн намын гишүүдээс тодорхой хэмжээний сонгон шалгаруулалтаар дэвшүүлж, аливаа албан тушаалд томилдог байх ёстой. Гэтэл МАН дотор энэ асуудал вакуумжсан, хэдхэн хүний хүслээр нь хийгдэж байна. Намд үнэнч шударга яваад юунд хүрэх вэ гэдэг зорилго нь тодорхой байх ёстой. Сонгууль бүрээр дуудаж, хэдэн төгрөг өгөөд айлын хаалга тогшуулдаг нь тогтолцоо биш. Шинэчлэл гэдэг бол доороос нь өгсөөд дээрээ хүрэх, өөрөө дээр хүрсэн бол бусад хүмүүст замыг нь тавьж өгөх асуудал. Түүнээс өөртөө ая тал зассан, магтсан нэгнээр өөрийгөө хүрээлүүлж болохгүй.
-Сонгуулийн ялагдал ярихаар зөвхөн хэн нэгэн даргад хариуцлага тооцоод өнгөрдөг. МАН одоо хэрхэн шинэчлэгдэх ёстой вэ?
-Одоогийн шинэчлэл хэн нэгэн даргыг солих, өөрчлөх асуудал биш. Нийгэм тэр чигээрээ өөрчлөлтийг хүлээж байна. Шинэ цаг үе, шинэ боловсон хүчин, шинэ залуучуудын цаг үе ирсэн гэдгийг олж харах хэрэгтэй. Хэдэн амбицтай дарга нар би, би гэж явдаг цаг өнгөрсөн. Аливаа зүйлийг хийж, хэлж, хийснээр нь дүгнэдэг цаг үе ирсэн байна.
МАН одоо үндсээрээ өөрчлөгдөх ёстой. Үндсээрээ гэдэг нь үе солигдох процесс эхэлснийг маш соргог олж харах хэрэгтэй. Өмнөх 20 жилийн улс төрийн тогтолцоог харж байхад АН, МАН аливаа асуудлыг ханцуйндаа л тохиролцож ирсэн. Энэ бол хэний ч өмнө ил асуудал. Цаашид шинэ үе, залуучууд ханцуйнд наймаалцахаас илүү өөрсдөө шударгаар өрсөлдөх, үзвэл үзсэн шиг үздэг шударга цаг үе ирчихсэн байна.
-Шинэ үе, шинэ залуучууд шинэчлэлийг хүсч байна гэж та хэллээ. МАН доторх залуучууд намынхаа шинэчлэлийн төлөө нэг талд зогсч чадах уу?
-Нэгдэнэ гэхээс илүү намын тогтолцоог шинэчлэх ёстой. Намын залуучууд бүгдээрээ дээрээсээ утастай, тэр утсаа гүйлгэж, чангалж асуудлыг шийдсэн байдалтай байгаа. Залуучууд нэгдэхийн тулд өөрсдөө их зориг гаргах хэрэгтэй. Дээрээ байгаа татаасны утсаа өөрсдөө хайчилж чаддаг байх ёстой. Тэгж байж бид залуучуудын нэгдлийн тухай ярина. Тийм залуучууд ч олон байгаа байх гэж найдаж байна.
-Сонгууль удирдаж, ялагдсан удирдлагууддаа хариуцлага тооцсоны дараа хэн энэ намыг удирдах вэ гэдэг чухал асуудал. МАН-ын дараагийн дарга ямар хүн байх ёстой юм бэ?
-Сонгуулиас сонгуулийн хооронд, ялагдлаас ялалтын хооронд ажил төрлөө ярьж зохицуулж байгаа нь буруу. Бидний хэлж, зорьж байгаа зүйл бол улс орон маань урагшилж, хөгжих ёстой. Тэгж чаддаг хүн нь намын удирдлагад ажиллах ёстой. Тэгэхээр бид энэ гурван жил маш сайн ажиллаж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж байж 2020 оны сонгуулийн талаар ярина. Тэгэхээр хариуцлагын өмнө бид тогтолцооны тухай ярих ёстой. Хэн өнөөдөр юу хийж байгааг яаж дүгнэх, хэн хийж чаддагаа яаж дүгнүүлэх вэ гэдэг асуудал тодорхойгүй байна. Энэ тогтолцоогоо тодорхой болгосны дараа тэр тогтолцоондоо тохирсон бүтэц, удирдлагыг бий болгох ёстой гэдгийг л би ярьж байгаа юм. Мөн намын Удирдах зөвлөл гэж нэг том байгууллага бий. Энэ байгууллага сайд, дарга нар томилох болохоор хуралддаг. Уг нь Удирдах зөвлөл Монгол Улсын бодлогыг хэлэлцэж, хуралдаж, доор юу болж байгаа мэдэж, сонсдог байх ёстой. Тиймээс Удирдах зөвлөлийн бүтцэд хороо, дүүрэгт ажилладаг энгийн намын гишүүдийн төлөөллийг оруулдаг, орсон гишүүд нь сайд дарга болдоггүй байж зөв бүтэцтэй болно.
-МАН бол 90 гаруй жилийн түүхтэй нам. Шинэчлэлийг хүсч байгаа жирийн гишүүдээ хэр сонсдог нам юм бэ?
-Жирийн гишүүдээ сонсдоггүй, дэмждэггүй учраас л энэ удаагийн сонгуульд ялагдсан. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа хаалгаа хааж тойрч суугаад л баахан сайд, дарга нар томилсон. Орон нутгийн сонгуулиар хаалгаа хагас онгойлгож хэдэн Засаг дарга томилоод буцаагаад хаасан. Уулзсан, харилцсан зүйл байхгүй. Нэг уулзалт хийхдээ олон зуун хүнтэй уулзалт хийж, цөөхөн хүний үгийг сонссон болоод л өнгөрдөг. Тэр уулзалтуудын үр дүнгээс гарсан шийдвэр байхгүй, эргэж тайлагнадаг тайлан нь байдаггүй. Түүнийг нь хянаж, тодорхойлж байгаа тогтолцоо нь ч байхгүй. Бүгд л найзан дундаа орчихсон. Хэн нэгнийг томиллоо гэхэд томилсон хүнийхээ барьцаанд орчихсон л байдалтай байгаа. Дээрээс нь ёс зүйтэй, зөв бодлогоор удирдаж, буруу үед нь зэмлэж байх ёстой. Бүгд нэг нэгнийхээ хэлхээ барьцаанд орчихсон байгааг өөрчлөх цаг нь болсон.
Ш.ЧИМЭГ