Наадамд технологийн дэвшил ашиглая

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Наадамд технологийн дэвшил ашиглая

Наадамд технологийн дэвшил ашиглая

Энэ жилийн наадмын нээлт агуулга, бүтээлч байдал, зарим санаагаараа нийтэд таалагдсан ч хийц, хэлбэрийн хувьд үндсээр нь өөрчлөх саналыг наадамчдын зүгээс цөөнгүй гаргажээ.

Цэнгэлдэхэд уул сүндэрлүүлж, гол “урсгаж”, шонхор нисгэж, баг өмсгөж, баримал үүрүүлэх хүртэл наадмын комисс, найруулагч, уран бүтээлчдийн баг ажилласан ч гэрэлтэй, нартай өдрийн цагаар энэ бүхэн сэтгэл хөдөлгөх хэмжээний үзвэр, шоу, ёслол болж чадахгүй болсныг бид харлаа. Ямар ч сайн зохиол, найруулга, хөгжимтэй хөтөлбөр байлаа гээд түүнийг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглахгүйгээр бүтээх нь хайран хөрөнгө, хөдөлмөр болж байна.

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт, урлаг, спортын том эвэнтүүдийн нээлт ихэвчлэн оройн цагаар болдог. Яагаад бид наадмынхаа нээлтийг өглөө биш орой хийж болохгүй гэж. Долдугаар сарын 11-нд бөхөө барилдуулж, морио уралдуулж, сур харваагаа нээгээд, үзэгчид, жуулчдын сэтгэлийг татах нээлтийнхээ ёслолыг оройд нь хийдэг болвол ямар вэ?

Хэдэн жилийн өмнөх наадмаар Сүхбаатарын талбайд лазер гэрлийн шоу болж байсан. Монголдоо бараг анхных гэж хэлж болохоор тэр санаачилгыг сэргээж, лазер шоу, гэрэл сүүдэр, ёслолын буудлага, технологийн дэвшил ашигласан, цоо шинэ нээлтийг ирэх наадмуудаас харахыг хүсч байна.

Өнгөрсөн жилээс эхлүүлсэн тулганд гал бадраах заншлыг олимпийн галт бамбар асаах ёслолтой жишиж, ард түмний сэтгэлийг баясгах, хүлээлт үүсгэсэн мөч болгож болно.

Орчин цагийн наадмын нээлтийг шинэлэг хэлбэрт шилжүүлэх нь Монголыг зорьсон жуулчдыг татах шалтгаан байх ёстой. Одоо бол Төв цэнгэлдэхэд очиж, нээлт үзэж байгаа жуулчид манай наадмыг үзээд агуулгын хувьд юуг нь ч ойлгохгүй гарч байна. Наадмын хөтөлбөрийн шууд орчуулга, зохиолын агуулгыг илэрхийлсэн гарын авлага зэргийг тэдэнд зориулж бэлдэхгүй байж аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэж мөрөөдөх нь алсын сэдэв.

Жуулчид хамгийн их хүлээж авдаг ганцхан улирал, ганцхан баяраараа бид тэдэнд зорилтот үйлчилгээг нь үзүүлж чаддаггүй хэвээрээ байгааг энэ жилийн наадам ч мөн харууллаа. Үүрэн телефоны оператор компаниуд жуулчдад зориулсан сим карт санал болгодог болжээ. Үүн шиг салбарын байгууллага, компаниуд, үйлдвэрлэл, үйлчилгээ, үзвэр бүртээ жуулчдад юуг зориулах вэ гэж заавал төлөвлөдөг болмоор байгаа юм.

Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадны үйлчилгээ чухал. Бас л жуулчид сонирхоод авчих бэлэг дурсгалаас аваад ховор. Зөвхөн монгол наадмыг онцлогийг харуулсан бэлэг дурсгал, тэмдэг, туг, далбаа гээд жуулчдын заавал хийдэг худалдан авах хангах худалдаа бас хангалттай биш байна. Наадмын худалдаа, үйлчилгээг өндөр хэмжээнд үйлчлэх, цөөн компани, байгууллагад олгох нь эмх цэгц, зохион байгуулалт талаасаа зөв байж болох. Энэ жилийнх шиг газ дэлбэрэх эрсдэл цэнгэлдэх тойруулсан тэр олон асар майхны хэдэд нь ч гарч болохыг бодолцох хэрэгтэй юм.

Хүй долоон худагт энэ жил ‘Монгол HD’ телевиз “Айраг” фестиваль зохион байгуулж, цэвэр цэмцгэр үйлчилгээтэй, зай багтаамжтай орчин бүрдүүлсэн нь наадамчдын хамгийн их сэтгэлд нийцсэн үйлчилгээ байсан. Ирэх жил “Айраг” фестивалийг Төв цэнгэлдэхийн дэргэд авчирахад нээлт, хаалт, ер нь наадмын туршид айраг амтлах таатай үйлчилгээ байх боломжтой.

Уламжлалт наадмаа орчин үеийн үзвэртэй, үйлчилгээтэй, бид өөрсдөө ч, гадны зочид, жуулчид ч сэтгэл тэнэгэр баярлах орчин үеийн наадам болгоход одооноос нэгийг бодоцгооё.

Б.БАДМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж