Хориг Монголын нүүрсний экспортыг өсгөв

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

Хориг Монголын нүүрсний экспортыг өсгөв

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэ сарын 8-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д Итгэмжлэх захидлаа гардуулав.

Хойд Солонгосын хамгийн том түнш Хятад тус улсаас авах нүүрсний импортоо зогсоосон нь Монголын эдийн засаг сэргэхэд түлхэц болж байна.

Удаа дараа пуужин харваж, цөмийн хөтөлбөрөө тасралтгүй үргэлжлүүлж буйн хариуд Хятад НҮБ-ын уриалгыг дэмжиж, умардуудын эсрэг хориг тавьсан юм. Энэ нь  Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй НҮБ-ын хориг арга хэмжээг дэмжсэн төдий бус, цаана нь АНУ тэргүүтний лобби байгаа нь гарцаагүй гэж шинжээчид тайлбарлаж байгаа.

Ямартай ч Хятад улс өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосоос авах нүүрсний импортоо түр хугацаанд /2017 оныг дуустал/ зогсоож, Хойд Солонгосын нүүрс ачсан хөлөг онгоцыг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Нүүрсний хэрэгцээгээ хангахын тулд тэд Индонез, ОХУ, мөн Монголоос авах нүүрсний хэмжээгээ эрс нэмэгдүүлжээ.

Хятад улс өнгөрсөн тавдугаар сард Индонезээс нийт 3.86 сая тонн нүүрс импортолсон тухай статистик мэдээлэл бий. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2012 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр дүн ажээ. ОХУ-аас авах нүүрсний хэмжээ ч бараг хоёр дахин нэмэгдэж, 497 мянган тоннд хүрсэн байна.

Харин Монгол Улсаас авах нүүрсний импортын хэмжээ жилийн өмнөхтэй харьцуулахад 42 хувиар өссөн байна. 2017 он гарсаар эхний таван сарын хугацаанд Хятад улс Монголоос 3.16 сая тонн нүүрс импортолсон талаар Ройтерс агентлагийн мэдээнд дурджээ.

Монгол Улс 2017 оны эхний таван сард нүүрсний экспортоос нийт 1.01 тэрбум ам.долларын орлого олсон, энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 4.6 дахин их гэдгийг Ройтерс онцлов. Ингэснээр Монголын гадаад худалдааны тэнцэл 69.5 хувийн өсөлт буюу нэг тэрбум гаруй ам.долларын ашигтай гарчээ.

Гэтэл Хятадын хамгийн том нийлүүлэгч Австралиас авах нүүрсний хэмжээ 5 хувиар буурсан байна.

Шалтгаан нь үнийн дүнтэй холбоотой. Монголоос Хятадад нийлүүлж буй нүүрсний дундаж үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард тонн тутамдаа 66 ам.доллар байсан тухай Financial Times мэдээлэв. Гэтэл Австрали нүүрс тонн тутамдаа 122 ам.доллар аж. Өөрөөр хэлбэл, Хятад улс Монголоос нүүрс импортлох нь үнийн хувьд илүү уян тусаж байгаа бололтой.

Нөгөө талдаа Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ нь Монголын эдийн засагт таатай үр дүн үзүүлж эхлээд байна. Хятадын гаалийн байгууллагын мэдээллээр 2017 оны эхний дөрвөн сарын тоон мэдээллээр Монгол Улс чулуун нүүрсний салбар дахь Хятадын хоёр дахь том нийлүүлэгч орон болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж