Голд машинаа угааж л байг уу?

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Голд машинаа угааж л байг уу?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу гурван орлогчоо шинээр томиллоо.

Гол дотор машинаа угааж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсанаар буруутныг нь элдвээр харааж байна. Мэдээж, ерөөх үйлдэл биш нь тодорхой. Харин ийм хэнэггүй,сэтгэлгүй хүмүүс яагаад олшроод байна вэ, эдгээр хүмүүст хариуцлага тооцдог уу гэсэн асуултын хариуг хайлаа.

Хамгийн түрүүнд зорин очсон газар бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яам. Тус яам л байгаль орчныг хамгаалах үүрэгтэй гэж хүн бүр ойлгодог. Тиймээс яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмартай уулзаж дараах тодруулгыг авлаа.

-Ганцхан асуултад хариу авъя. Гол дотор машинаа угааж байгаа хүмүүст ямар шийтгэл ногдуулдаг вэ?

-Онцлоод хэлэхэд хууль эрхзүйн орчин багагүй шинэчлэгдсэн. Энэ оны эхэн болоод долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй Хариуцлагын, Зөрчлийн, Хог хаягдлын гэхчлэн олон шинэ хуулиар хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хянаж шалгах газрууд нь өөр өөр болсон.  Усны тухай хуульд гол мөрөн, нуурын усыг бохирдуулах, хомсдуулах үйлдлийг цэгцлэх үүднээс голын эрэг дагуу хог хаягдал хаях, машин тэргээ угаахыг хориглосон байдаг. Хэрэв хууль зөрчвөл иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, аж ахуйн нэгж байгууллагыг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар заасан. Энэ ажлыг тухайн орон нутгийн байгаль орчны байцаагч нар хийх үүрэгтэй.

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын сайдын хамтран гаргасан “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам”-д голын усанд машинаа угаасан байх аваас Усны тухай хуульд заасанчлан торгууль ногдуулна.

-Машинаа голын усанд угаавал машин жолоодох эрхийг хасдаг журам 2010 онд хэрэгжиж байсан. Одоо хүчин төгөлдөр хэвээр үү?

-2015 онд шинэчлэн гаргасан хоёр яамны сайдын тогтоосон журамд жолоодох эрхийг хасах тухай заалт ороогүй. Тэгэхээр тухайн үед л хэрэгжээд өнгөрсөн гэсэн үг.

-Нийт хэчнээн хүн буруу үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээсэн бол?

-Хүмүүсийн буруутай үйлдлийг илрүүлэх, торгууль шийтгэл ногдуулах үүрэг Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд байдаггүй гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. Голд машин болоод эд зүйлсээ угаах нь хориотой үйлдэл мөн. Байгаль орчин, экологид хор хөнөөл учруулсныхаа төлөө хариуцлага хүлээх нь ч зүйн хэрэг. Харин энэ буруутай үйлдлийг илрүүлж, хариуцлага тооцох үүрэг нь сум дүүргийн байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтын газруудад ногддог. Мөн сав газрын захиргаа, цагдаагийн ажилтнууд онцгой үүрэгтэй.

Ер нь байгаль хамгаална гэдэг хүн бүрт хамаатай үүрэг шүү гэдгийг онцолмоор байна.  Төрийг төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэгтэй агаар нэг зүйл. Иргэдийн хууль бус үйлдлийг зогсоох үүднээс шаардлага тавих, зогсоох эрх хүн болгонд байгаа. Монголчууд усыг дээдэлж ирсэн ард түмэн. Аянд мордож буй хүмүүсийг сүү өргөн үддэг бол аянаас ирэгсдээ ч сүү барин угтдаг. Гэсэн хэдий ч сүү хутгасан шанагаар ус хутгадаггүй нандин уламжлалтай ард түмэн. Эрхэм уламжлалаа эргэн сэргээж, байгаль дэлхийгээ хамгаалах үүргээ ухамсарлаад ирвэл торгууль шийтгэлээс дутахгүй нөлөөтэй л дээ.

Яамны газрын дарга ийн тайлбарласан болохоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагч н.Бат-Өлзийтэй холбогдон машинаа голд угаасан хүмүүст ямар шийтгэл ногдуулсан тухай тодруулсан юм.

-Манай мэргэжилтнүүд “Хатан Туул ба цаг хугацаа” сэдэвт аяныг ногоон хөгжлийг дэмжигч телевиз, Замын цагдаагийн албатай хамтран хяналт шалгалт хийж байсан. Харамсалтай нь шалгалтын үеэр энэ төрлийн зөрчил огт тааралдаагүй. Тиймээс хариуцлага тооцсон тохиолдол байхгүй.

-Гол дотор машинаа угаагаад зогсож буй хүмүүстэй таарлаа гэхэд иргэд танайд хандаж болох уу. Жишээ нь, сошиалаар түгээгээд байгаа мэдээлэл, зургийг хаана өгөх нь зөв бэ?

-Тухайн орон нутгийнхаа цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад хандах учиртай. Байгаль хамгаалагч нартай холбогдож мөн болно. Гэхдээ тухайн буруутай үйлдлийг газар дээр нь илрүүлж байж л хариуцлага ярихаас биш зургийн дагуу, сургаар ажиллаж болдоггүй. Машин угааж байгаа зураг ирлээ гэхэд хэзээ үеийн зураг вэ гэдгийг тогтоохын зэрэгцээ жолооч нь мөн эсэхийг тодруулахаас эхлээд адармаатай л даа гэлээ.

Уг нь зураг дээрх машины дугаараар нь эзнийг болоод буруутай этгээдийг олоод торгоод сануулаад явчихвал буруу үйлдлийг зогсоож болмоор. Гэтэл эгэл иргэд бидэнд их амархан санагдах төрийн хяналт шалгалт ийм олон даваа нугачаа, гацаа түгжрээтэй байдаг юм байна. Төмөр хөлөгтнүүдийн хамгийн их цэрвэдэг хүмүүс цагдаа нар, хамгийн хүнд шийтгэл машин унах эрхийг хязгаарлах. Гэтэл тэрхүү шийтгэл одоогоор хууль журамд алга. Торгуулийн хэмжээ өндөр сонсогдож байгаа ч “найраа” гэх нандин холбоогоор бүхнийг шийдчих магадлал өндөр. Ингээд бодохоор “Машинаа голд угааж л байг дээ” гээд буруутнуудын толгойг илээд байгаагаас ялгаагүй санагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж