Наадамд эрлийз морьдыг уралдуулаагүй нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

VS

Наадамд эрлийз морьдыг уралдуулаагүй нь зөв үү?

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд эрлийз морьдыг оролцуулахгүй байх шийдвэрийг Шадар сайд гаргаж, хэрэгжүүлсэн нь маргаан дэгдээгээд буй.

Монгол цусны морьдыг хамгаалах гэдэг агуулгаар бодлого нь зөв ч, хууль эрх зүйн орчин бүрдээгүй үед наадам тулгаж, дээрх шийдвэр гаргаснаараа олон уяач, унаач хүүхдийн хөдөлмөрийг үгүй хийсэн гэх шүүмжлэлийг дагуулах болсон. “VS” буландаа эл асуудлыг хөндөж, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатар, уяач Х.Баярбат нарын байр суурийг онцоллоо.

 

 

Г.ХОРОЛ

Д.Ганбаатар
Монгол Улсын тод манлай уяач

Яг нэг хэмжүүр байгаад, тэрийгээ мөрдөх ёстой. Хасагдсан адууны зарим нь монгол адуу байх шиг. Сайн адуутай больё гээд зүтгэсэн хүмүүсийн багадаа нэг, дээд тал нь 5,10 жилийн хөдөлмөр шүү дээ. Үүнийг нь үгүй хийж байна. Цаашдаа хуультай л болох ёстой байгаа юм. Хүнийг үзэмжээр нь харсан нь зүйд нийцэхгүй байгаа юм болов уу. Уяачдыг их талцуулж байна. Хуучны уяачид бие, биедээ хүндэтгэлтэй ханддаг сайхан байсан. Энэ жил гэхэд л 400 гаруй үрээ хасагдлаа. Ирэх жилээс бүгдийг ойлгомжтой болгоод нарийн хуультай болсон нь дээр байх. Нэг галаас гэхэд л 10 гаруй үрээ тэр чигээрээ хасагдаж байна. Нэг талаар их харамсалтай зүйл болж байна шүү дээ.

 

Эх сурвалж “Өдрийн сонин”

Х.Баярбат
Уяач

Энэ тал дээр нэлээд зүйл яримаар санагддаг. Эрлийз морьдыг монгол морьтой хольж уралдуулаад байгаа юм. Энэ бол олон зууны турш өвлөгдөж ирсэн монгол өв уламжлалыг эвдэж буй хэрэг. Дээр нь монгол морио уралдуулж буй монгол малчны хөдөлмөрийг үнэгүйдүүлээд зогсохгүй монгол наадмыг хэдхэн мөнгөтэй уяач луйвардаж, будилуулдаг болсоор арав гаруй жилийн нүүрийг үзлээ.

Утга учиргүй мөнгө цацаж эрлийз адууг үржүүлээд түүгээрээ бизнес хийдэг цөөн хэдэн хүний эрх ашигт төр үйлчилж болохгүй. Үнэхээр эрлийз адуугаа уралдуулах сонирхолтой юм бол морин тойруулгын уралдаанаа зохион байгуулдаг байх хэрэгтэй. Тэр бүү хэл, хилийн чинадад улсынхаа нэрийг гаргах сонирхолтой юм бол эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Үндэсний баяр наадмаар зөвхөн монгол мориныхоо шандас шөрмөсийг сорих хэрэгтэй.

Эх сурвалж “Монголын мэдээ” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж