Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамтай зэрэгцэн эхэлсэн мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн өндөрлөх дөхөж байна. Арлын орны үндэсний бөхөд монгол бөхчүүд ноёрхож эхэлсэн цагаас хойш сүмо бөх сонирхогчид олон болсон. Өдгөө сүмогийн ертөнцөд их аварга Хакүхо М.Даваажаргал, аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд, арслан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хүчтэй аварга, арслангууд барилдаж байна. Тэд ч башё бүрд түрүү байрын төлөө барилдсаар.
Энэ сарын барилдаанд их аварга Хакүхо 1045 дахь даваагаа авч хамгийн олон давсан бөхчүүдийн хоёрт бичигдлээ. Түүний хувьд үлдсэн өдрийн барилдаанд ялалт байгуулснаар Каиогийн 1048 давсан амжилтыг ахиулах боломжтой юм. Ийнхүү Нагоя хотноо болж буй башёд өдөр бүр сонирхолтой барилдаан гарсаар байна. Ирэх ням гаригт өндөрлөх долдугаар сарын тэмцээний нэгэн сонирхолтой агшныг хүргэж байна. Та бүхэн энэ удаа сүмочдын зуны гоёлыг сонирхоорой.
Их аварга Хакүхо М.Даваажаргал 10 өдрийн барилдааны дараа нэг ч унаагүй тэргүүлж байна.
Аварга Харүмафүжи Д.Бямбадорж 6 даваа, 4 унаатайгаар Нагоя башёг үргэлжлүүлж байна.
Болгарын бөх Аояма 9 даваа, 1 унаатайгаар их аварга Хакүхогийн араас ганцаараа нэхэж явна.
Озэки Такаяасү найман даваатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдсэн хэвээр явна. Энэ башёг япон аварга Кисэносато бэртлийн улмаас өнжсөн билээ.
Ч.БОЛ