Тус дуурийн гол эзэн болох үэсгэлэнт Тоска бүсгүйн дүрийг театрын гоцлол дуучин Ардын жүжигчин Б.Жавзандулам амилуулдаг байсан бол энэ удаа гол дүрд театрын гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа тоглох байна. Тэрбээр Соёл, урлагийн их сургуулийн дуулаачийн анги, 2001-2006 онд Венец дахь Марчеллогийн нэрэмжит Консерваторийн дуулаачийн анги, 2006-2008 онд тус сургуулийн магистрт тус тус суралцаж төгссөн, дэлхийн болон үндэсний 20 гаруй сонгодог дуурийн гол дүрүүдийг бүтээсэн байна. Харин түүний дурлалт залуу болох зураач Марио Каварадоссид соёлын тэргүүний ажилтан Ц.Доржсүрэн, гүн Скарпьягийн дүрд Италийн дуурийн дуучин Париде Пандолфо тоглох аж. Италийн дуурийн дуучин баритон хоолойт Париде Пандолфо нь Мария Малирбаний академийг дуурийн дуучнаар төгссөн. Тэрбээр Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийн Фигаро, Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Марчеллогийн дүрүүдийг мэргэжлийн өндөр төвшинд бүтээсэн авьяаслаг жүжигчин юм. Энэ өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжмийн Италийн нэрт удирдаач Роберто Салвалаио удирдан тоглуулах бөгөөд өмнө нь манай улсад хоёр удаа ирж байсан аж.
Тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллихи нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тоглож байсан аж. Тухайн үед алдарт жүжигчин С.Бернартад зориулж бичсэн В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд үйл явдал 1800 онд Ромд болох ба жирийн зураач Кавародосси шоронгооос оргосон эх оронч Анжелоттид тусалснаар бүх зүйл эхэлнэ. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, улмаар хөгжим бичиж дуурь болгосон гэдэг.
Тэр үед Австрийн дарангуйлагчдын эсрэг өрнөж байсан эх орон ч хөдөлгөөн Ж.Пуччинид илүү их нөлөөлсөн байна. Гурван бүлэг,гурван үзэгдэл бүхий энэ дуурьд болж буй үйл явдал, дүрүүд нь аль нийгэмд байдаг бодит дүрүүд ба энэ урлагийн хэлээр хүмүүст сайхан муухайн, сайн мууг харуулж байгаагаар онцлог. Хэдийгээр зуугаад жилийн өмнө энэ дуурийг анх тоглож байсан ч одоо ч хуучраагүй хэвээр. Энэхүү дуурь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна. Ж.Пуччинийн “Тоска” дуурь нь урьд хожид үзэгдэж байгаагүй хурц шийдэлтэй зоримог бүтээл болсноороо бусад дууриудаас ялгардаг.