Өнгөрсөн 2016 долдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараагаас тогтоосон онц байдлыг дахин гурван сараар сунгахаар Туркийн парламент шийдсэн байна.
Төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэний нэг жилийн ойг уржигдар /2017.07.16/ туркчууд өргөн тэмдэглэсэн. Өнгөрсөн жилийн гол үйл явдал өрнөсөн Босфорын хоолой дээгүүрх гүүрэн дээр том цуглаан хийж, Ерөнхийлөгч Эрдоган парламентын хуралдаанаа дуусган Анкара хотоос Стамбул руу онгоцоор хүрэлсэн ирсэн юм. Түүний онгоцыг бөмбөгдөгч онгоцууд хамгаалж ирсэн.
Туркийн ард түмэн эх орноо хамгаалахын тулд юугаа ч золиослоход бэлэн гэдгээ нотолсон хэмээн Эрдоган үгэндээ онцолсон байна. “Тэр шөнө хүмүүсийн гарт буу байгаагүй юм, тэдний гарт туг байсан, хамгийн гол нь тэдэнд итгэл байсан” хэмээн Эрдоган хэлжээ. Олонд хандан хэлсэн үгэндээ Эрдоган хуйвалдагчдад цаазын ял оноохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
2016 оны төрийн эргэлтийн гол үйл явдлууд Стамбул, Анкара гэсэн хоёр гол хотод өрнөсөн бөгөөд нийтдээ энэ хэрэг явдлын үеэр 260 хүн амь үрэгдсэн юм.
Энэхүү хэрэг явдлын гол зохион байгуулагчаар одоо АНУ-д орогнож байгаа номлогч Фетхулл Гюлен хэмээн Туркийн эрх баригчид үзэж байгаа. Фетхулл Гюлен нь Ерөнхийлөгч Эрдоганы гол өрсөлдөгчид тооцоогддог бөгөөд 1999 оноос хойш АНУ-д амьдарч байгаа. Туркийн эрх баригчид өнгөрсөн жилийн хэрэг явдлаас хойш Гюленийг Туръийн талд шилжүүлэн өгөхийг АНУ-аас шаардаж байгаа. Харин Гюлен энэ хэрэг явдалд хамаагүй хэмээн удаа дараа мэдэгдсэн.
Төрийн албанаас зайлуулсан 150 мянган хүний 2303 нь цагдаагийн, 546 нь цэргийн алба хаагч, 302 нь их, дээд сургуулийн багш нар, 3000 нь төрийн яам, агентлагийн ажилтнууд юм.
А.ТУЛГА