Монгол Улсын нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Г.Дарамзагд агсны нэрэмжит дуулаачдын III уралдаан”-ыг энэ сарын 17, 18, 19-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулж байгаа аж. Хоёр өдөр үргэлжилсэн тус уралдаанд нийт 30 дуучид оролцож байгаа бөгөөд төгсгөлийн шалгаруулалтад 16 дуучид үлдээд байгаа аж. Эдгээр 16 дуучдын гала тоглолт өнөөдөр оройн 19.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох юм. Уралдааны шүүгчээр Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, Ардын жүжигчин Х.Уртнасан, соёлын тэргүүний ажилтан, Буриадын соёлын гавьяат ажилтан Д.Сэндэр болон Г.Дарамзагд агсны охин Оюун, МҮОНРТ-ийн радиогийн тоймч Ч.Буянхишиг нар ажиллажээ.
Уралдааны тэргүүн байрын шагналд хоёр сая төгрөг, хоёрдугаар байрын шагналд сая таван зуун мянга, гуравдугаар байрын шагналд найман зуун мянган төгрөгийг өргөмжлөлийн хамт гардуулах юм.
М.Дөл