Гурван шатны шүүхээс гаргасан шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүн Р.Нямдорж болон бусад удирдлагууд хэрэгжүүлэхгүй байгааг эсэргүүцэж МҮБХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд болон бөх судлаач Д.Ганболд, бөх сонирхогчид өнөөдөр (2017.07.18) хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд МҮБХ-ны одоогийн удирдлагуудыг хууль бус болохыг, тэднийг сонгохоор хуралдсан “Их Эе”-ийн шийдвэр хүчин төгөлдөр биш гэдгийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг танилцуулж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардахаар өчигдөр (2017.07.17) “Бөхийн өргөө”-нд очжээ.
Ц.Ариунболд:
-“Биднийг Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар, хамаатан нь болох гарьд Ж.Бат-Эрдэнэ, дүү нь болох Д.Лхагвадорж нарын Говь-Алтай аймгийн харьяат, ихэвчлэн ах дүүс голдуу бөхчүүд “Бөхийн өргөө”-нөөс хөөж гаргасан. Хамгийн гол нь тэдгээр бөхчүүд цахилгаан бороохойтой байсан. Гарах гэтэл хаалга цоожтой, Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар гарьд хаалга өшиглөж онгойлгон, биднийг гаргасан. Говь-Алтай аймгийн бөхчүүд мундаг юм байна. Тэд нар “Бөхийн өргөө”-г хонон өнжин хамгаалж байгаа юм байна. Гэхдээ Бөхийн холбоог шинэчлэгдээсэй гэж бодож байгаа 20 аймгийн бөхчүүд бий шүү гэдгийг санаарай. Монгол үндэсний бөх, Монгол бөхийн өргөө төрийн өмч, монгол үндэсний өв соёл. Шүүхийн шийдвэр гарсны дараа Цэцдийн зөвлөл хуралдаж, “Гацуурт”-ын Л.Чинбатыг тэргүүнээр томилсон боловч одоог хүртэл Р.Нямдорж нар ажлаа хүлээлгэж өгөхгүй байна”. МҮБХ-ны шинэ удирдлагууд ажлаа хүлээж аваад, хийж эхлэх зүйлс их байгаа. Та бүхэн саяын наадам дээр бичлэг үзэхгүй гэснээс болж Ч.Санжаадамба аварга яаж даваагаа луйвардуулсныг харсан. Ийм байдлаар олон жил, олон бөх хохирч ирсэн. Юун түрүүнд бид ийм асуудалд анхаарлаа хандуулмаар байна’.
Б.ЭНХ