Химийн хортой бодисыг хэрэглээнээс хална

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Химийн хортой бодисыг хэрэглээнээс хална

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газар хамтран “Монгол Улсад полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхи бий болгох нь” төслийг 2009 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байна. “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенц, ”Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх төсөл хэрэгжиж байгаа аж.

Энэ хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах талаарх сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам хамтран зохион байгуулсан байна. Сургалт болон Төв аймгийн Жаргалант сумын “Дуган хад” жуулчны баазад энэ сарын 3-4-ний өдрүүдэд болжээ. “Монгол Улсад полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхи бий болгох нь” сэдвийн дор болсон энэхүү сургалтад  эрчим хүчний түгээх дамжуулах байгууллагуудын 60 гаруй төлөөлөл оролцжээ.

Сургалтын үеэр холбогдох мэргэжилтнүүд эрчим цахилгааны тоноглолд ашигладаг Стокгольмын конвенцийн хавсралтад орсон полихлорт бифенил агуулсан бүтээгдэхүүнүүдийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийг хэрхэн бий болгох, полихлорт бифенилийн шинж чанар, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг сэдвүүдийг хамарсан илтгэлийг тавьсан байна.  Мөн полихлорт бифенил агуулсан тостой тоноглолуудыг цэвэрлэх Итали улсын Sea Marconi компанийн дэвшилтэт технологийг танилцуулжээ.   

Полихлорт бифенил бол цахилгаан тоноглолын тос, тосолгооны материалд цахилгаан дамжуулах чанарыг бууруулах зорилгоор маш бага хэмжээтэйгээр ашигладаг химийн бодис юм байна. Хоруу чанар асар өндөртэй учраас олон улсын гэрээ конвенциор 2025 он гэхэд хэрэглээг нь бүрмөсөн зогсоох бодлого баримталж байгаа аж. Байгаль дээр удаан хугацааны туршид задрахгүйгээр оршихоос гадна хол газар зөөгдөх чадвартай. Түүнчлэн, хүн амьтны эд эсийн тэжээлийн хэлхээнд био-соронзон байдлаар татагдан хуримтлагдаж, хорт хавдар үүсгэх аюултай юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж