Монголжин охин 4 сая дахь иргэн байх байжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Монголжин охин 4 сая дахь иргэн байх байжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа бага олимпийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм.

Монгол Улс өнгөрсөн 20 жилд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад ахиц гаргасан хэдий ч гэр бүл төлөвлөлтийн асуудлаар 2003-2013 оны хооронд 94-77 хувь хүртэл буурч үр хөндөлтийн хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байна гэсэн судалгаа гарчээ. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн тархалт 2007 онд 1.7 хувь байснаа 2014 онд 5.1 хувь болон өссөн байна.

Үүнтэй холбогдуулж НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран Монголын хүн амын асуудал, гэр бүл төлөвлөлтөөр дамжуулан монголчуудын эрх, үндэсний хөгжлийг хангахын төлөө хэрхэн хамтран ажиллах талаар өнөөдөр /2017.07.18/ танилцууллаа.

Энэ үеэр үр хөндөлт үндэсний аюулгүй байдалд нөөлөхүйц хэмжээнд хүрснийг албаныхан онцолж байлаа. Тухайлбал өнгөрсөн 2016 онд манай улсын нас барсан иргэдийн тоо 17492 байгаа бол үр хөндөлт 18 мянгыг давжээ. Мөн сүүлийн 30 жилд 1 сая гаруй иргэнээ үр хөндөлтөөс болж алдсан талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл онцолж байлаа.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “1987 оны долдугаар сарын 11-нд дэлхий нийтээр Дэлхийн хүн амын өдрийг анх удаа тэмдэглэж байсан. Энэ жил дэлхий дахинаа Дэлхийн хүн амын өдрийг “Гэр бүл төлөвлөлт, иргэдээ чадавхижуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа. Манай улсын хүн ам 1962 онд нэг саяд хүрсэн. 1988 онд хоёр сая, 2015 онд гурван сая дахь иргэнээ хүлээж авсан. 2031 он гэхэд дөрвөн сая дахь иргэнээ хүлээж авна гэсэн тооцоолол гарсан байгаа. Монголын нийт хүн амын 67 хувь нь 15-64 насны хүмүүс байдаг. Гэр бүл төлөвлөлтийн талаар зөв бодлого хэрэгжүүлж чадвал залуу, идэр насны хүн ам тогтвортойгоор өсдөг” гэлээ.

Эрүүл мэндийн сайд доктор А.Цогцэцэг “НҮБ-ын Хүн амын сантай нөхөн үржихүйн чиглэлээр хамтарч ажилладаг. Жирэмснээс хамгаалах эм, эмнэлгийн хэрэгслийг уг хүн амын сангаас Монгол Улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй тараадаг. Хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх тал дээр НҮБ-ын Хүн амын сан томоохон дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал 2017 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар 3 нэр төрлийн 142.7 сая төгрөгийн  эм нийлүүлэгдсэн. Мөн хөдөө орон нутаг болон эрсдэлт бүлгийн хүн амд эдгээр эмээ хуваарилж тараах гэх мэт ажлыг хийж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хаврын чуулганы нээлтэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн мэдээллээр сүүлийн 30 жилд Монгол Улс үр хөндөлтийн улмаас нэг сая иргэнээ алдсан гэж мэдэгдсэн. Хоёрдугаарт, нийт халдварт өвчний 45.7 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна. Тэр дундаа залуучууд, өсвөр насны хүүхдүүдээс илэрч байгаа нь Монголын хүн амын удмын санд нөлөөлөх, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очсон гэдэг асуудлууд яригдаж байгаа учраас Дэлхийн хүн амын өдөртэй холбогдуулан энэхүү сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна” гэлээ.

Хүн амаа өсгөхөд тохиромжтой энэ цаг үед Монгол Улсын хүн амын өсөлт болон төрөлт жил ирэх тусам буурах хандлагатай болж байгаа учир нөхөн үржихүйн болон гэр бүл төлөвлөлтийн асуудлыг сурталчлан таниулах нэн шаардлагатай байгааг албаныхан анхаарууллаа.

Г.ТҮШИГ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж