Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2017.07.18/ 11:00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний хагас жилийн байдлын талаарх тоон мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа.
Энэ удаагийн мэдээллээр Монгол Улсад сүүлийн 56 жилийн зургадугаар саруудын хамгийн халуун нь өнгөрсөн зургаан сар байсныг шинжээчид онцолсон юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2017 оны өнгөрөгч зургадугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 40 хэм хүрч халсан байна. Энэ нь сүүлийн 30 жилийн олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд 2.6 хувиар агаарын температур нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Тодруулбал энэ оны зургадугаар сард хамгийн их хур тунадас Төв аймгийн Мөнгөнморьт суманд 73.5 мм хүрч орсон бол Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 40 хэм хүрч халжээ. Мөн Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -5 хэм хүрч хүйтэрсэн бол Булган аймгийн Могод суманд түр зуурын 36 м/секунд хүрч хүчтэй салхилсан байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 740.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний хагас жилд 3276.5 тэрбум төгрөг байгаа бол зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4017.1 тэрбум төгрөг болжээ.
Харин улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 740.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 383.2 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 19.3 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн гэв. Үүнд Улсын нэгдсэн төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 352 тэрбум төгрөгөөр буюу 9.6 хувиар өсөхөд хөрөнгийн зардал 11 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 122.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Мөн Улсын нэгдсэн төсвийн орлогын 78.5 хувийг татварын орлого, 12.8 хувийг татварын бус орлого, 5.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.2 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгаа аж.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд тээврийн хэрэгслийн худалдан авалт нөлөөлжээ
Улсын хэмжээнд 2017 оны зургадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.1 хувь, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 хувь, тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 21 хувь, хувцас бөс бараа, гутлын бүлгийнх 2.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэв.
Энэ талаар Үндэсний статистикийн хорооны статистикч Ю.Батзориг тайлбарлахдаа “Энэ оны эхний хагас жилийн байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.1 хувь, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн гэсэн гурван өөр хугацааны дүн гарсан. Өмнөх сараас 0.6 хувиар буурахад юу нөлөөлсөн гэхээр хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 2.5 хувиар буурсан нь нөлөөлсөн. Хоёрдугаарт орон сууц болон түлш түлээний үнэ улирлын шинж чанартайгаар 0.6 хувиарбуурснаар нөлөөлсөн. Харин өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлэг дотроо мах махан бүтээгдэхүүн 24.4 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна. Өмнөх оны эцсээс хэрэглээний үнийн индекс 4.1 хувиар өссөн. Үүнд тээврийн бүлгийн үнэ 10.3 хувиар өссөн нь нөлөөлсөн. Хүмүүс ганцхан “Приус” автомашины татвар нэмэгдсэнээр хэрэглээний үнийн индекс нэмэгдэхэд нөлөөлсөн гэж хараад байгаа. Гэхдээ энэ бүлэгт автомашин, шатахуун, сэлбэг хэрэгсэл гэх мэт маш олон бүтээгдэхүүн багтдаг юм” гэв.
Улсын хилээр орсон зорчигчдын 37.6 хувь нь Замын-Үүд дамждаг
Манай улсын хилээр 2017 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2801.1 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 368.5 мянга буюу 15.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Улсын хилээр орсон зорчигчдын 37.6 хувь нь Замын-Үүд, 15.7 хувь нь Гашуун сухайт, 15.1 хувь нь Буянт-Ухаа, 11.8 хувь нь Алтанбулаг, 6.6 хувь нь Шивээ хүрэн, 13.2 хувь нь бусад боомтоор орсон байна.
Энэ оны эхний хагас жилд гадаадын 216.9 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 36.3 мянгаар буюу 20.1 хувиар өссөн дүн гарсан байна. Тэдний 82.4 хувь нь 30 хүртэл хоног, 1.9 хувь нь 90 хүртэл хоног, 15.7 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар ирсэн байна.
Мөн гадаадын зорчигчдын 180.8 мянга буюу 83.3 хувь нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 33.9 мянга буюу 23 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 36.2 мянга буюу 16.7 хувь нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт таван тэрбум ам.доллар хүрчээ
Монгол Улс 2017 оны эхний хагас жилд дэлхийн 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт таван тэрбум ам.доллар хүрчээ. Үүнээс экспорт 3.1 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллар байгаа аж.
Экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 913.3 сая ам.доллараар өсөхөд үнэт чулуу, металл, гоёлын зүйлийн экспорт 100 сая ам.доллараар буурсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний экспорт 960.9 сая ам.долларт хүрчээ. Үүнээс нүүрсний экспорт 989.2 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлснийг шинжээчид хэлж байв.
Харин импорт өмнөх оны мөн үеэс 431.5 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 148.2 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 108 сая ам.доллар, авто бензин 30.1 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 96.3 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх нь 40.3 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн гэсэн дүнг танилцуулсан юм.
А.Сүрэн