Тэр яг эрвээхэй шиг. Ертөнцөд байдаг бүхий л гоёмсог өнгө, гоёмсог сайхан бүхний дээгүүр хөгжилтэй нь аргагүй дэрвэж, бүхнийг амталж таашаан тэр бүхнээрээ бяцхан биеэ хураан миний зүг нисэх атлаа надаас хоромхноо дайжин аальгүйтэн дэрвэнэ. Тэнгэр газрын савслагад солонго татан гоо бүхнийг үзүүлэхийн сацуу соньхноор мөрөн дээр минь бууж үдэхдээ далавчин дээрх том цэнхэр нүдээрээ ирмэн нэгэн зүйлийг шивнэн цэцэгт нуга тийш зам заан нисч одно. Түүнгүйгээр амьдарч болно. Гоо үзэсгэлэнд үл татагдаж, анхилам үнэрт эс саатаж, айл занд нь үл уярч, амрагийн цэнгэхүйд үл автана. Хэзээ ч үл хугарах цорын ганц тэрлэг болсон сэтгэлээ царцааж орхивол зүрх минь хэрхэх билээ.
Тэр яг эрвээхий шиг. Амьсгал хүрэхэд ч хиртэм булбарай. Эмзэг энхрий далавчаараа өглөөний хүйтэн агаар зүсэхдээ бүлээ татуулан үнэр түгээнэ. Наранд халсан ойн бяцхан чөлөөнд цэцэгс, моддын сэнгэнэсэн үнэр авчирна. Ялдам, сайхан тэр өглөө, үдшийн турш эцэсгүй. Өдөржин гайхуулсан гоо үзэсгэлэнгээ тэнгэрт од болгон цацчихаад хүчирхэг моддын нөмөрт зүйрлэшгүй бүхнийг агуулсан далавчаа хумин зүүрмэглэхэд одод зүггүй гэрлээ асаан хөгжилдөнө. Түүнгүйгээр амьдарч болно… Хавар, зун, намар, өвөл үгүй болно. Сэтгэлд минь нар гарч, солонгос татаж, намираа бороо шивэрч, хөгжилтэй цасан ширхэг бужигнахаа байвал би хэн болох билээ. Голын сайр дээр хаягдаж хоцорсон загасны амьдрал л хүлээх буй за.
Тэр яг л эрвээхий шиг. Эцэж, цуцашгүй даажигнаатай. Ид шидийн бүхэнд нь татагдан хөөх тусам улам холдоно. Анхаарахаа болиход төдхөн зуурт нүдний өмнө эргэлдэн ад ховсын хөх гэрэл зүрхэнд асаана. Хүртэх эс хүртэх болгоомжлол бүхнээс гагцхүү түүнээс зүрхшээх болгоомжлол л аугаа тэнэглэл минь болох биз ээ. Чи гутарвал өнгөрсөнд, түгшвэл ирээдүйд, харин намайг дагаад нисч чадвал аз жаргалтай байна гэж тэр үргэлж даажигнанхан сануулна. Түүнгүйгээр амьдарч болно. Инээд, хөөр, итгэл үнэмшлээ халааснаасаа алга болгочхоод гиюүрэн алхах алхах болно. Юуг ч бодохгүй, юунд ч найдахгүй. Барагдах үл дуусах урт замаар хаа хүрэхээ үл мэдэн сажлах болно.
Тэр яг л эрвээхий шиг.