Контакт линз мэдээж олон давуу талтай. Гэхдээ цаг уурын эрс тэс нөхцөлд амьдардаг хүмүүсийн хувьд контакт линзээ зөв арчилж, нүдээ хамгаалах нь чухал байдаг.
Хэт халуун байлаа гээд контакт линзэнд онцгой нөлөө үзүүлэхгүй. Линз хайлж, нүдэнд наалдана гэсэн аюул байхгүй. Хамгийн гол сөрөг нөлөө нь халуун үед линз амархан чийгшлээ алдаж, улмаар нүд хуурайших эрсдэл бий. Тиймээс нүдний дусаалга, чийгшүүлэгч дусааж, нүдээ сайн чийгшүүлж байх хэрэгтэй. Таны хэрэглэж буй контакт линзэнд ямар төрлийн дусаалга тохирохыг нүдний эмч хялбархан зөвлөөд өгнө.
Харин саун, спагаар үйлчлүүлэх гэж байгаа бол линзээ авсан нь дээр. Хэт чийглэг бөгөөд халуун орчинд линзний араар хөлөрч, улмаар нүдний үрэвсэл үүсгэх магадлалтай.
Зуны халуун улиралд контакт линзийг зөв хэрэглэх талаар товч зөвлөгөөг хүргэе.
НАРНЫ ШИЛ ЗҮҮХ: Нарны хамгаалалттай шил нарын хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна таны нүд болон контакт линз хэт хуурайшихаас сэргийлнэ.
НЭГ УДААГИЙН ЛИНЗ ХЭРЭГЛЭХ: Хэт халуун үед нэг удаагийн линз зүүх нь таны эрүүл мэндэд тустай. Учир нь олон дахин зүүж хэрэглэдэг, урт хугацаатай линзтэй харьцуулахад чийгшил нь илүү байдаг.
ХӨРГӨЛТИЙН СЭНСНЭЭС АЛЬ БОЛОХ ХОЛ БАЙ: Air conditioning буюу хөргөлтийн сэнс нь орчныг хуурайшуулдаг учир контакт линз зүүсэн үедээ аль болох зайдуу байх хэрэгтэй. Хөргөлтийн сэнсний хүйтэн агаар үлээж буй хэсэгт ойр байхаас зайлсхийж, автомашинд үлээж буй чиглэлийг өөрөөсөө холдуулах нь зүйтэй.
ХИЙМЭЛ НУЛИМС ТОГТМОЛ ХЭРЭГЛЭХ: Нэн ялангуяа та харшилтай бол контакт линз зүүсэн үедээ нүд чийгшүүлэх зориулалттай хиймэл нулимс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Энэ нь нүд загатнах, хуурайшихаас сэргийлнэ. Харшлын шалтгаантай нүд загатнаж, хорсож байгаа үед нүднийхээ гаднаас хүйтэн жин тавих нь тустай байдаг.
С.ЦЭЛМЭГ