"Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлахыг оролдох нь гарцаагүй"

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлахыг оролдох нь гарцаагүй"

2012 онд БОАЖЯ-ны 57,0 сая төгрөгийн санхүүжилтээр шилмүүст модны тарьцаар 200 га, 20 га хээрийн бүсэд навчит модны суулгацаар, 10 га ойн зурвас байгуулж, 12,0 сая төгрөгийн санхүүжилтээр 5 булаг шандын эхийг хашиж тохижуулжээ.

Хуульч, судлаач  Р.Очирбалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч сонгогдож ажилдаа орсон. Ерөнхийлөгч багаа хэрхэн бүрдүүлэх бол. Засгийн газар, Ерөнхийлөгчийн баг мэргэжлийн байх ёстой гэдэг ч байдал өөр байдаг?

-Хуульд зааснаар Ерөнхийлөгч Тамгын газрын дарга болон зөвлөхөө томилох эрхтэй. Эхнээсээ томилгооны асуудал шийдэгдэж эхэлж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан З.Энхболд томилогдсоныг нэг талаасаа туршлагатай улстөрч гэж сайшаах хүмүүс байх хэдий ч нөгөө талаас төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа төрийн албан тушаалтны зэрэг харгалзахгүйгээр алба хашдаг Монгол улсад зуршил болон тогтсон өнөөгийн байдлыг шүүмжлэн хэлэлцэх хүмүүс ч байна. Үнэндээ улс төрийн албыг шилдэг сайн удирдагчид биш харин улс төрд олон жил тодорхой алба хашсан хүмүүс ээлж дараалан барьж байгаа нь бодит үнэн. Сонгуулийн дараагаас Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдох боломжтой хүмүүсийн талаарх таамаг яригдаж эхэлсэн. УИХ-ын сонгуульд АН цөөнх болсон учраас зөвлөхийн албан тушаалд томилогдох сонирхолтой хүмүүсийн тоо ч олон байгаа байх. Хууль тогтоох байгууллагад МАН дийлэнх олонхийн суудал авсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах асуудал хүчтэй яригдаж байгаа үед Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд хэрхэн оролцсон байдлаас илүүтэйгээр асуудлаа мэддэг, мэргэшсэн, бодлого боловсруулах чадвартай хүмүүсийг зөвлөхөөр томилох нь зүйтэй байх. Мэргэжлийн Засгийн газар, мэргэжлийн баг гэж ярьдаг нь мэргэжлийн гэх ойлголтын стандарт бүрдээгүй байгаагаас үүдэн ямар ч баг өөрсдийгөө мэргэжлийн гэж цоллодог болоод нилээд олон жил өнгөрлөө.

-Шинэ Ерөнхийлөгчийн баримтлах бодлого ямар байх бол. Ялангуяа гадаад бодлого, дотоод улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн зангидах бол?

-Сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөн нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлого, үзэл баримтлалд тулгуурлан явагддаг, сонгогчид нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгч өөр хооронд нь харьцуулсаны үндсэн дээр сонголтоо хийдэг бол сайн байхсан. Харамсалтай нь сонгуулийн амин сүнс болсон энэ соёл, ухамсар манай улсад хараахан бүрэн бүрдэж амжаагүй байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд сонгогчид саналаа өгөхдөө нэр дэвшигч хувь хүнийг, эсхүл мөрийн хөтөлбөрийн алиныг нь түлхүү харгалзан үзсэнийг таамаглахад хэцүү ч сонгуулийн мөрийн хөтөлбөрт суурилсан бодлогыг Ерөнхийлөгч баримтлах ёстой. Эх оронч Ерөнхийлөгч гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн сурталчилгаатай холбоотойгоор БНХАУ-тай харилцах гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалтад зарим хүндрэл гарна хэмээн сонгуулийн сурталчилгааны үеэр нэг хэсэг яригдаад өнгөрсөн. Үнэн хэрэгтээ нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг дэмжин ажиллана гэсэн зорилтыг дэвшүүлсэн байдаг.  Иймээс гадаад харилцаанд мэдэгдэхүйц бодлогын өөрчлөлт хийгдэнэ гэж үзэхгүй байна. Дээр нь одоогийн хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцаанд эрс өөрчлөлт, шинэчлэл хийх боломж байхгүй. Учир нь, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох нь УИХ-ын бүрэн эрх байхын зэрэгцээ Ерөнхийлөгч гадаад харилцаанд Монгол Улсыг төлөөлөх, гэрээ, хэлцэл хийхдээ УИХ-тай бодлогын хувьд зөвшилцөлд хүрсэн байх шаардлагатай байдаг. Харин дотоод улс төрийн хувьд нилээд маргаантай, үзэл санааны зөрчилтэй байх болов уу. Мэдээж УИХ-ын намрын чуулганаар эрх баригч нам Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулиар хязгаарлах асуудлыг шийдвэрлэх гэж оролдох нь гарцаагүй болж байна.

-Ерөнхийлөгч улсын төсөвтэй холбоотой амлалт өгч гарч ирсэн. МАН эрх барьж байхад энэ амлалтаа биелүүлэхэд хүндрэлтэй байх болов уу гэж зарим судлаач онцолж байх шиг байна?

-Санал нэг байна. Учир нь, улсын төсвийг батлах бүрэн эрхийг УИХ хэрэгжүүлдэг учраас улс төрийн тохиролцоонд хүрээгүй л бол дээрх амлалтыг хэрэгжүүлэх боломж байхгүй. Дээр нь хууль санаачлах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хүчингүй болговол асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа байхгүй гэж харж байна. Миний хувьд дээрх амлалт нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа сонгуулийн тухай хуульд нийцсэн эсэх дээр ихээхэн эргэлзэж байна.

-Ирэх өдрүүдэд улс төрийн үйл явц ямар байх бол. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлтөөс олон зүйл хамаарах байх?

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хязгаарлах асуудал нэг хэсэгтээ улс төрийн үйл явцыг хурцадмал байдалд оруулах байх. Түүнчлэн эх баригч нам бодлогын болон дүрмийн өөрчлөлт хийх эсэх асуудлыг шат шатны байгууллагаар хэлэлцэх, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх өндөр магадлалтай байна. Гэхдээ намын дотоод өөрчлөлтийг хийх эсэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх зэрэг томоохон асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэхээс зайлсхийхийг ч үгүйсгэх аргагүй. Учир нь, эдгээр асуудлыг бодлогын хувьд зөв шийдвэрлэхгүй бол эцэстээ нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь хамарсан өргөн хүрээний тогтолцооны хямралыг бий болгох эрсдэлтэй.

-Үндсэн хуульд өөчлөлт оруулах асуудлыг намрын чуулганаар хэлэлцээд баталсан тохиолдолд Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдах байх тийм үү, эсвэл?

-Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг одоогийн яригдаж байгаа төсөл парламентаар дэмжигдвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрх ихээхэн хумигдана. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, Засгийн газрыг байгуулахад оролцох, түүнчлэн Улсын Дээд шүүхийн шүүгчийг томилох харилцаанд эдлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлахаар одоогийн төсөлд тусгасан байгаа. Хэрэв эрх баригч намаас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бол Үндсэн хуульд тусгасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөн хүрээнд хязгаарлах эсэх дээр ихээхэн эргэлзэж байна. Харин одоогийн улс төрийн нөхцөл байдал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах магадлалыг улам бүр нэмэгдүүлж байна.

-Эрх баригч хүчин намын дотооддоо хариуцлага тооцох асуудлыг хөндөөд эхэллээ. Мэдээж М.Энхболдын хувьд намын даргын суудлаа өгөх байх?

-Намын дотоодод шийдвэрлэх асуудал учраас үр дүнг тааж хэлэхэд хэцүү. Хэдийгээр дээрх асуудлыг намын дотоод ардчиллын зарчмаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэх хэдий ч  хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын тогтолцоонд өргөн хүрээний эрх мэдлийг олж авсан МАН-ын одоогийн удирдлагын системийг өөрчлөх нь тийм хялбар биш байх аа. Дээр нь нийслэлийн орон нутгийн удирдлагын асуудал давхар хөндөгдөнө. Гэхдээ сонгуулийн үр дүнд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагаа хийгдэх нь дамжиггүй. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүнгээс шууд хамааралтайгаар АН дүрмийн болон бодлогын шинэчлэлт өөрчлөлтийг өргөн хүрээнд хийсэнтэй адилаар МАН энэ туршлагыг мөн л хэрэгжүүлэх байх. Манай улсад намын дотоодод өрнөж буй үйл явдал нийгэм, эдийн засгийн бүхий л түвшинд их, бага хэмжээгээр нөлөөлдөг болсоныг та бүхэн мэдэж байгаа. Хэрэв МАН-ын даргыг өөрчлөхөд хүрвэл Засгийн газар огцрох цаашлаад агентлагуудад хийгддэг зуршил болсон халаа, сэлгээ хийгдэх байх. Нөгөөтэйгүүр хэрэв сонгуулийн үеэр олны шүүмжлэл, дургүйцлийг хүргэсэн одоогийн намын удирдлагын хөрөнгө мөнгийг хууль бусаар босгосон асуудал нь үнэн бол холбогдох намын удирдлагад хариуцлага тооцохгүй өнгөрөөх нь дараагийн сонгуульд сөрөг хүчинд сонгуулийн сөрөг PR хийх томоохон өгөөш болох нь гарцаагүй. 

-Иргэдийн сонгуульд оролцох идэвх жил бүр буурч байгаа нь намуудад шинэчлэгдэх шаардлагатайг харуулж байна. Гэвч намууд сонгууль бүрийн дараа шинэчлэгдэж байна гээд дарга нараа огцруулахаас өөрөөр шинэчлэгдэх нь тун ховор.  Намууд хэрхэн шинэчлэгдэх ёстой вэ?

-Нам, нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалт сайжирч байгаа хэдий ч ард түмний амьдралд эерэг өөрчлөлт гарахгүй байгаа нь сонгуульд оролцох иргэдийн идэвхи оролцоог сулруулж байгаа томоохон хүчин зүйл юм. Түүнчлэн өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах арга тактиктай сонгуулийн сөрөг сурталчилгаа нь иргэдийн эгдүүцэл, дургүйцлийг хүргэж сонгуулиас залхах, халшрах хандлагыг бий болгож байна. Сонгогч нь нэр дэвшигчдийн хэнийг нь ч сонгохгүйгээр хоосон саналын хуудас өгөх хувь хэмжээ энэ удаагийн сонгуулиар огцом нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Уг нь энэ боломж өмнөх сонгуулийн хуулиудад мөн хуульчлагдсан байсан шүү дээ. Энэ бол нам, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны арга тактикаа өөрчилж мөрийн хөтөлбөрт суурилсан, шударга арга замаар өрсөлддөг сонгуулийн ёс зүйг төлөвшүүлэхийг шаардаж байгаа ард түмний томоохон анхааруулга болохыг намууд ойлгох хэрэгтэй.

Улс төрийн гол тоглогч АН, МАН-д ч иргэд итгэл алдарсан нь улс төрийн шинэ хүчний орон зай дутагдаж байгаагийнх гэж дүгнэх хүмүүс байна. Гурав дахь хүчин ямар байж АН, МАН-тай өрсөлдөхүйц байж болох вэ?

-Иргэдийн хувьд МАН, АН аль алинд нь итгэл алдарсан ч гуравдагч улс төрийн хүчтэй нам байхгүй учраас эцэстээ дээрх хоёр намд саналаа өгөхөөс өөр сонголт байхгүй. Бие даан нэр дэвшигчид, улс төрийн хүчтэй намуудтай цаашид өрсөлдөх боломжгүй болохыг өмнөх УИХ-ын гишүүний сонгууль бэлхэн харуулсан. Олон улсын бодит туршлагаас харсан ч гурав, эсхүл дөрвөн хүчтэй нам байх нь тийм ч түгээмэл биш. Иймээс иргэд, сонгогчид бид гуравдагч улс төрийн нам хүчинд итгэл өгөхөөс илүүтэйгээр одоогийн хүчтэй хоёр намыг дотооддоо эрс шинэчлэл хийх, ёс зүйтэй байх, ил тод, хариуцлагатай байхыг шаардах хэрэглэгчийн эрхээ зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, сонгуулийн боловсролоо дээшлүүлэх  цаг нь болсон гэж үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж