Украин, Турк улс Европын холбоонд нэгдэхийн төлөө тэмүүлж байхад Их Британи эдийн засаг, улс төрийн хараат бус байдлынхаа төлөө бүлгээс гарахаар яриа хэлэлцээрээ эхлүүлээд байна. Их Британийг Европын холбооноос гаргах яриа хэлэлцээний эхний шат даваа гаригт (VII.17) эхэллээ. Европын холбоог төлөөлөн Мичель Барниер, Их Британийн талаас Дэвид Давис нар “Brexit” хэлэлцээрийг ахлан Брюссельд уулзав. Дөрвөн өдөр үргэлжлэхээр товлосон хэлэлцээрийн явцад тэд Их Британи, Европын холбооны ашиг сонирхлын ялгаа болон ижил талыг тодорхойлоход голчлон анхаарах аж.
Их Британийн ард иргэдийн дунд явуулсан бүх нийтийн санал асуулгын үр дүнд нэгдсэн вант улс Европын холбоог орхихоор болсон юм. Европын холбооноос гарсны дараа эдийн засаг, худалдаа наймааны харилцаагаа хэвээр хадгалан үлдэхийг Их Британийн эрх баригчид хичээж буй. “Brexit” яриа хэлэлцээ ирэх 2019 оны гуравдугаар сарын 30-ыг хүртэл үргэлжлэх аж. Европын холбооны томоохон татвар төлөгч Их Британи улс 40 гаруй жилийн дараа бүлгийг орхиход нь олон улсыг хамарсан эдийн засаг, дүрвэгсдийн хямрал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалжээ.
Өнгөрсөн зургадугаар сард Их Британид болсон парламентын сонгуульд ерөнхий сайд Тереза Мейн консервативууд олонхын суудлаа алдсан нь яриа хэлэлцээрт санал хуваагдахад хүргэсэн байна. Их Британийн сангийн сайд Филип Хаммонд цагаачлалыг хумьж, Европын холбоотой худалдааны харилцаагаа хадгалах байр суурьтай байгаа аж. Тэрбээр салалтыг аль болох бизнес эрхлэгч, ажилчдад хохиролгүй замаар шийдэх хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ.
Их Британийн талаас Европын холбооноос шаардсан 60 тэрбум еврогийн төсвийн татвар, холбооны орнуудад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн ирээдүй, Европын хүний эрхийн шүүх дэх эрх мэдлээ хадгалан үлдэх зэрэгт анхаарлаа хандуулж байна. Европын холбооны талаас Их Британиас шаардаж буй мөнгөн дүнгээр гарах үйл явцыг саармагжуулах төлөвлөгөөтэй хэмээн ажиглагчид үзэж байна. Түүнчлэн Их Британи Европын холбооноос гарсны дараа чөлөөт худалдааны гэрээг хэрхэн байгуулах нь анхаарлын төвд байгаа аж.
Европын холбооны төсвийн 5,8 хувийг дангаар бүрдүүлэгч, энэ үзүүлэлтээрээ Германы дараа хоёрт ордог, бусад гишүүн орнуудаас хоёр сая ажиллах хүч авч ажиллуулдаг Британийн Нэгдсэн вант улс Европын холбоог орхих тухай асуудал тус улсын Тусгаар тогтнолын намаас эхтэй юм. Их Британи Европын Холбооны зах зээл дэх хоёрдогч том эдийн засаг, мөн G7-д багтдаг. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орон. Их Британи Европын Холбооноос гарснаар Европын Холбооны хүчийг эргэлзээгүй сулруулна. Харин нөгөө талаар Их Британи Европын зах зээлээр дамжуулж дэлхийн бусад зах зээлд нэвтэрдэг гэдэг утгаараа одоо энэ бүхэн дан британичуудын хүсэлтээр хязгаарлалт тавихад хүрээд байна.