Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

76:1
Дуулианы эзэн

“Ньюс агентлаг” өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Дорждугарын Гантулгыг  танилцуулж байна. Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллах УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.

УИХ-ын сонгуульд 29 насандаа ялалт байгуулсан парламентын гишүүн бол Д.Гантулга юм. Түүхэндээ Монголын парламентад 30 хүрээгүй насандаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан хоёр дахь тохиолын эзэн болж байна.

Улс төрд туршлага бага ч МАН-ыг цөөнхийн үүрэг гүйцэтгэх үед Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо (НАМЗХ)-г амьтай байлгаж, хөл, гарыг нь идэвхитэй ажиллуулахад чамгүй үүрэг гүйцэтгэсэн гэж нөхөд нь үнэлдэг. УИХ-ын сонгуульд нэр дэвших визийг намаасаа авахад НАМЗХ-д оруулсан хувь нэмэр үнэлэгдсэн.

Дээр нь МАН дотор УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй олон хүн байсан ч Н.Ганбямба нэрээ татаж, тойрог нь суларснаар УИХ-ын гишүүнээр сонгогдох замыг нь засаж өгчээ.

 У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны гишүүн, мөн нутаг нэгтэн.

Хууль тогтоогчоор ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Буудалд амьдардаг, нийслэлд хараахан төвхнөж амжаагүй” гэдгээс өөрөөр нэг их хэл аманд өртөж байгаагүй ч Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой 30 гаруй лицензийн асуудал хөндсөнөөс хойш оюутан охин хүчиндсэн гэх үнэн, худал нь үл мэдэгдэх хэрэгт нэр холбогдох болсон.

Энэ дуулиант хэрэгт УИХ-ын гишүүн Т.Гантулга тайлбар хийхдээ “Лицензтэй холбоотой асуудал хөндөнгүүт нэр төрд минь халдаж, өрсөлдөгч намын зүгээс гүтгэлэг хийлээ” гэж мэдэгдсэн юм.

Одоо энэ хэрэг явдалтай холбоотойгоор нам дотор нь түүнийг ангуучилж, суудлаас нь татуулчих санаатай гишүүд цөөнгүй болсон. Өрсөлдөгч намынх нь зүгээс парламентад суудал горилогчид ч мөн “Т.Гантулгыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх ёстой” гэх PR-ыг эхлүүлсэн байгаа.

МАН сонгуулийн ялагдлын шалтгаанаа ул суурьтай авч үзэх үед хамгийн эхэнд хэрэгт унах хүний нэг нь Т.Гантулга гишүүн болоод байна. Гол нь үүнээс урьтаж хэргийн үнэн мөнийг хууль хяналтын байгууллага тогтоож, нэг тийш нь болгох учиртай. Хэрвээ түүнийг гүтгэсэн бол нэр төрд нь халдсан хүмүүст хариуцлага хүлээлгэх, үнэхээр ийм хэрэг үйлдсэн бол УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх ч багадна.

Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажилласан нэг жилийн хугацаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, орон сууц зэрэг асуудалд хамгийн их дуу хоолой нь болж ажилласан.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал бас хөнддөг сэдвийнх нь нэг гэж хэлж болно.

Хаврын чуулган хаагдахын өмнө тэрбээр “Иргэд, олон түмний хүлээлт бол хэн Ерөнхийлөгч болох вэ гэхээс илүү Монгол Улсын төрийн тогтолцоо хаашаа явах вэ гэдэгт анхаарч байгаа учраас Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтөд идэвхтэй ажиллаасай гэж хүсч байна. Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор цахим хэлэлцүүлэг өрнүүлье гэж бодож байна. Учир нь, зуны цагт цуглаж суугаад хуралдах боломж харьцангуй бага” хэмээн мэдэгдэж байсан юм.

“Сан” дээд сургуулийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй.

Ажил мэргэжлийн гараагаа оюутан цагаас буюу “Монголын лектор” төвд багшаар ажиллах болсноор эхэлж, дээд сургуулиа төгсөнгүүтээ тус төвөөс өрх тусгаарлан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулан ажиллажээ. Энэ үеэс МАН-ын залуу гишүүдийг чадваржуулах ажилд ханцуй шамлан орсон гэж хэлж болох аж.

Мөн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө оюутан, залуучуудад хандан “Ангараг руу нүүцгээе”, Хэнтий аймгийг тойрсон “Монголын зүрх Хэнтий” нэртэй лекцийг тус бүр тавьж, номын аялал ч зохион байгуулж явжээ.

ДОРЖДУГАРЫН ГАНТУЛГА

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил

  • 2009 онд ‘Сан’ дээд сургууль, санхүү-эдийн засагч

Ажилласан байдал

  • 2006-2009 онд Монголын Лектор төвд багш
  • 2009-2010 онд Хөгжлийн түүчээ сан тэргүүн /үүсгэн байгуулагч/
  • 2010 онд Dr.English англи хэлний сургалтын төв сургалт хариуцсан захирал
  • 2011-2015 онд Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2015-2016 онд Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Гадаад хэл

  • Англи

Цахим шуудан: gantulga@parliament.mn

Цахим хуудас: http://gantulga.parliament.mn

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж