Газрын тосны үнэ, эрэлт өсч байна

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ, эрэлт өсч байна

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж сая дууслаа.

Дэлхийд өдөрт 96.9 сая баррель газрын тос эрэлт хэрэгцээтэй байна. Энэ үзүүлэлт жилд дунджаар 1.2 сая баррелаар өсч, таван жилийн дараа гэхэд газрын тосны дэлхийн эрэлт өдөрт 103.8 сая баррель болж өснө гэж Олон Улсын Эрчим хүчний агентлагийн шинэ тайланд дурджээ.

Олон Улсын Эрчим хүчний агентлагийн шинжээчид “Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллага”-д багтдаггүй хөгжиж буй улс орны түүхий эдийн хэрэгцээ 2017-2022 онд өдөрт 1.4 сая баррелийн түвшинд хадгалагдана гэж дүгнэсэн байна. Үүний зэрэгцээ, “Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллага”-ын улс орон болох АНУ, Канад, Япон болон Европын Холбооны ихэнх гүрнүүдэд дунджаар өдөрт 200 мянган баррелаар газрын тосны жилийн уналт ажиглагдана гэв. 

Гэхдээ энэ эрэлтийг хангаж чадна гэдэгт судлаачид ам гарахгүй байна. Учир нь Бразилийн эдийн засаг уналтын эрмэг дээр байгаа. Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нь газрын тосны эрэлтийг хангаж чадна гэсэн найдварыг төрүүлэхгүй байна.

2012-2016 онд Хятадад газрын тосны эрэлт 4.8 хувиар өссөн. Харин 2006-2011 онд газрын тосны эрэлт 5.5хувиар өссөн үзүүлэлттэй байв. Үүнээс ажиглахад, газрын тосны эрэлт БНХАУ-д буурч байна. Энэ нь тус улсын эдийн засаг үйлчилгээний салбар руу шилжиж байгаатай холбоотой гэж Олон Улсын Эрчим хүчний агентлагийн шинжээчид тайлбарлав.

Хэдийгээр, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч хөгжиж буй оронд газрын тосны эрэлт таван жилийн хугацаанд өдөрт 58.3 сая баррелд хүрсэн. Гэхдээ энэ үзүүлэлт өөрчлөгдөх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд харж байгаа юм.

Шинжээчид ойрын жилүүдэд газрын тосны түүхий эдийн хэрэглээний үзүүлэлт анх удаа жилдээ таван тэрбум тоннд хүрч өснө гэдэгт итгэлтэй байна.

“Орд газраас уламжлалт аргаар түүхий эд олборлох зардал арав дахин буурсан. Өнөөдөр компаниуд олборлолтын үр дүнтэй, хямд технологи ашиглаж байна. Үүний үр дүнд, үнэ уналттай байгаа энэ үед газрын тосыг улам их үйлдвэрлэх болсон” гэж судлаачид тэмдэглэжээ.

Газрын тосны үйлдвэрлэлд ОПЕК-т багтдаггүй, түүхий эдийн эх үүсвэртэй, технологи болон санхүүгийн чадамжтай улс орнууд нөлөөлж байна. Ойрын хугацаанд АНУ, Канад, Бразил, Ливи, Нигерийн түүхий эдийн олборлолт нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

Үнэ хэлбэлзэж байна

Газрын тосны үнэ дэлхийн эрэлтийн өсөлтөд нөлөөлдөг чухал хүчин зүйл гэж шинжээчид тэмдэглэж байна. Хэрвээ баррелийн үнэ хямд байвал түүхий эдийн эрэлт тогтвортой байх ажээ. Гэхдээ үнэ өсч эхэлвэл дэлхийн эрэлтийн хэмжээ буурна.

Тэгвэл энэ долоо хоногт газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өсөлттэй байна. Тодруулбал, Brent маркын газрын тосны есдүгээр сарын фьючерс 0.39 хувиар өсч, нэг баррель 49.10 ам.доллар болжээ. Харин WTI газрын тосны наймдугаар сарын фьючерс 0.34 хувиар өсч, нэг баррель 46.70 ам.долларт хүрэв.   

Гэхдээ газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ хэлбэлзэлтэй байна. 2017 оны эхэнд Brent маркийн газрын тосны үнэ 16 хувиар буурсан. Үүний зэрэгцээ, оны эхний хагаст 10 хувийн уналт, хоёрдугаар хагаст таван хувийн уналт ажиглагдсан гэж Reuters агентлаг мэдээлжээ. Үнэд нөлөөлж буй үндсэн хүчин зүйл нь АНУ-д газрын тосны олборлолт өссөн явдал байв. Тус улсад 2016 оны дунд үеэс түүхий эдийн үйлдвэрлэл арван хувиар өсч, өдөр 9.4 сая баррель хүрсэн тухай EIU мэдээллэв.

2018 оны хоёрдугаар хагаст газрын тосны үнэ “эрүүлжинэ” . Гэхдээ нэг баррель газрын тосны үнэ 60 ам.доллароос давахгүй гэж шинжээчид таамаглажээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж