Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тонны чингэлэг суудлын автомашин дээр өчигдөр /2017.07.16/ унаж, нэг эрэгтэй, хоёр хүүхэд хоёр дарагдаж, бэртэн Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хүргэгдсэн билээ. Том хүн нь нэг хүүхдийн хамтаар сэхээнд, нөгөө хоёр хүүхэд нь гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ Өвчтөнүүдийн биеийн байдал нэлээн хүнд буйг ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Хишигсүрэн мэдээллээ.
Замын цагдаагийн албанд чингэлэг ачиж явсан ачааны машины жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. “Машиных нь тоормос эвдэрснээс ачиж явсан 40 тонны чингэлэг нь гэрлэн дохио дээр приус-11 маркийн автомашины дээр унасан” хэмээн осол гаргасан жолооч эхний мэдүүлгээ өгчээ.
Хэргийг сөхвөл, ослын тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /2017.07.16/ 12:10 цагт ирсэн билээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан, чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгсөн байдаг. “Приус-11” маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагджээ. Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд долоон сартай хүүгийн биеийн байдал маш хүнд, сэхээнд эмчлүүлж байна.
Д.УУДАМ