"Байгаль хамгаалагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье"

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Түймэр

"Байгаль хамгаалагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье"

"Байгаль хамгаалагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье"

Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид, орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдад зориулан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудаас сэтгэл санааны болон эд материал, хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажилласаар байна.

Тэгвэл үүний үргэлжлэл болгож өнөөдөр Сүхбаатарын талбайгаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамт олон түймрийн бүс рүү шаардлагатай бараа, материал ачин хөдөллөө. Уг үйл ажиллагаанд тус компанийн холбогдох удирдлагууд, ажилтнууд болон БОАЖЯ-ны ТЗУГ-ын дарга Х.Батжаргал нар оролцсон юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийнхны хувьд Онцгой байдлын Ерөнхий газар, Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалтын газрын албаны хүмүүстэй холбогдож, тодруулан шаардлагатай зүйлсийг түймрийн бүсэд хүргэж өгөхөөр болсон байна. Энэ ажлынхаа хүрээнд ажилтнуудынхаа нэг өдрийн цалин, усны сав, явуулын эмийн сан, ус шүршигч, хоол хүнс, амны хаалт зэргийг бэлджээ.

Энэ үеэр БОАЖЯ-ны ТЗУГ-ын дарга Х.Батжаргал “Байгаль дэлхийгээ аврах, гал түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн оролцож байгаа хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад нийт байгаль хамгаалагч болон байгаль дэлхийдээ хайртай хүн болгоны өмнөөс талархал илэрхийлье. Гал түймрийн бүсэд БОАЖ-ын Сайд болон дэд сайдаар ахлуулсан хоёр тусдаа ажлын хэсэг ажиллаж байгаа. Мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж, үүлэнд нөлөөлж бороо оруулах зэрэг ажлыг хийсний үр дүн тодорхой хэмжээнд гарч байна. Гал түймрийг бүрэн унтраах хэмжээнд биш ч гэсэн тэнд ажиллах нөхцлийг хөнгөвчилсөн. Байж болох бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж