Азийн хөгжлийн банк, Германы Подсдамын Уур амьсгалын өөрчлөлтийг судлах хүрээлэн хамтран гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлан сайн мэдээ дуулгасангүй. Энэ сарын 14-нд тайлан олон нийтэд ил болсон бөгөөд дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд нухацтай хандахгүй бол энэ зууны сүүлчээр Азийн эх газрын агаарын дулаан зургаан хэмээр нэмэгдэж, Ази, Номхон далайн бүс нутгийн хүмүүсийн амьдралд ноцтой хор хөнөөл учруулна хэмээн дүгнэжээ.
Энэ зууны сүүлч гэхэд Ази, Номхон далайн зарим улсын агаарын хэм эрс нэмэгдэж туйлын халуун болно хэмээн онцолжээ. Тухайлбал, Тажикстан, Афганистан, Пакистан, Хятадын зүүн хойд нутагт агаарын дулаан дээд тал нь найман хэмээр нэмэгдэх магадлалтай гэжээ. Мөн энэ бүс нутагт далайн хар салхи, халуун бүсийн агаарын урсгал үүсэх тохиолдол одоогийнхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэх бол Пакистан, Афганистанд жилд унах тунадасны хэмжээ 20-50 хувиар буурах ажээ.
Дэлхийн хэмжээнд далайн эргийн 25 хотын далайн түвшин нэг метрээр дээшилнэ. Энэ 25 хотын 19 нь Ази, Номхон далайн бүсэд байгаагаас долоо нь Филиппиний далайн эргийн хотууд байна гэж эрдэмтэд таамагласан байна. Индонезэд 2100 он гэхэд жил бүр 5.9 сая хүн үерийн гамшигт өртөнө гэжээ.
Уур амьсгалын эдгээр өөрчлөлт дэлхийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засагт ноцтой нөлөөлж, 2050 он гэхэд үерийн улмаас эдийн засагт учрах хохирол 52 тэрбум ам.долларт хүрнэ. 2005 оны дүн мэдээгээр ийм хохирлын хэмжээ зургаан тэрбум ам.доллар байсан юм. Гамшигт хамгийн ноцтой өртөх 20 хотын 13 нь Ази, Номхон далайн бүсэд байна. Ялангуяа Хятад, Энэтхэг, Вьетнам, Тайланд, Японы далайн эрэг хавийн хотууд гамшигт хамгийн их өртөх магадлалтай хэмээн тайланд дурджээ.
А.ТУЛГА