Палеонтологийн хүрээлэн байраа булаалгуулах нь

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Палеонтологийн хүрээлэн байраа булаалгуулах нь

Нийслэлийн там болсон замуудын нэг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замаас Чулуун овоо хүртэлх зам ёстой л жолоочдын арга аашийг бардаг.

Баянзүрх дүүргийн зүүн талд байрлах хуучны хоёр давхар хүрэн барилга бол Шинжлэх ухааны академийн наймдугаар байр. Уг Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байранд нийт 48 эрдэмтэн, судлаачид судалгаа шинжилгээний ажлаа явуулж, олон арван жилийн турш судлан цуглуулсан дэлхийд ховор, дахин давтагдашгүй ургамлын үлдэгдэл, үлэг гүрвэлүүд хадгалагдаж байдаг байна.

Гэтэл өнөөдөр ч /2017.07.17/  эдгээр эрдэмтэн судлаачид хаана ажлаа хийх нь тодорхойгүй, ажлын байрнаасаа хөөгдөхөд хүрээд байгаагаа хэлж байв.

Эрдэм шинжилгээний ажилтан Э.Майнбаяр

“Шинжлэх ухааны академийн наймдугаар байр буюу Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байранд геологийн шинжлэх ухааны маш их ач холбогдолтой дээжүүд болон эртний амьтан, ургамлын хэв дардас хадгалагдаж байдаг. Нэг ёсондоо монголын шинжлэх ухааны 50 гаруй жилийн түүхийг хадгалсаар ирсэн хүрээлэнгийн байрыг дүүргийн прокурорын газарт шилжүүлж өгөх нь шударга бус юм. Хүмүүс эрдэмтэн судлаачдыг юу хийдэг юм гэж хэлж байна. Гэтэл энэ байранд ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажилласан академич, судлаачид болон тэдэн шиг болохыг хүссэн залуу судлаачид ажиллаж байгаа” тухай тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Майнбаяр танилцуулсан юм.

Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлэх тухай Засгийн газрын 270-р тогтоолыг цуцалж өгөх асуудлаар жагсаж, шат шатны байгууллагуудад ханджээ. Хамгийн сүүлд 2017 оны гуравдугаар сарын 3-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тус хүрээлэнгийн үйл ажиллагааг хэвийн явуулж болно гэсэн албан бичиг ирүүлжээ.

Гэтэл өчигдөр /2017.07.16/  Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байранд Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас  тус хүрээлэнгийн ажилчдад Засгийн газрын 270-р тогтоолыг хэрэгжүүлэх тоотыг өгч, тус байрыг чөлөөлөх шаардлагыг тавьснаар ажилчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Эртний ховор, дахин давтагдашгүй чулуун дээжүүд “орох оронгүй” болно

Тус хүрээлэнгийн байранд хээрийн судалгаагаар олж илрүүлсэн ховор, дахин давтагдашгүй чулуун дээжүүд их бий. Тэр болгоныг тоогоор илэрхийлж хэлэх боломжгүй ажээ.

Доктор Ц.Оюунчимэг

“Энэ хүрээлэнгийн байрыг 1978 онд анх Геологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байдаг. Намайг 1988 онд ажилд ороход ч энэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж байсан. Нэг төрийн байгууллага байргүй болоход заавал нөгөө төрийн байгууллагыг хөөж байгааг ойлгохгүй байна. Бид өнгөрсөн өвлөөс хойш ажлаа тайван хийж чадсангүй. Эрдэм судлаачид зуны улиралд хээрийн судалгаанд явчихдаг учраас хүн харахад эзэнгүй байр юм шиг харагдаж байж магад. Гэтэл бид энд ажлаа хийгээд л явж байгаа шүү дээ. Бид эндээс гарсан ажлын байр байхгүй” хэмээн тус хүрээлэнгийн доктор Ц.Оюунчимэг ярилаа.

Мөн тус хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар хээрийн судалгааны 11 экспедиц хөдөө орон нутагт ажиллахаар бэлтгэж байтал ийм нөхцөл байдал үүсээд байгаад харамсаж буйгаа хэлж байв.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж