“Батсүмбэрт бороо оруулах экспедиц ажилласан”

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

“Батсүмбэрт бороо оруулах экспедиц ажилласан”

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-08-09 11 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Partly Cloudy) агаарын температур: 19 хэм байна.

Үүлэнд нөлөөлж бороо оруулах процесс хэрхэн явагддаг талаар Цаг уур орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Б.Батдоржоос тодрууллаа.


-Зарим хүмүүс пуужин харваад бороо ордог гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл үүлэнд нөлөөлж бороо оруулах ажлыг хэрхэн хийдэг вэ?

-Үүл болгон руу буудна гэж байдаггүй юм. Жишээ нь, өнөөдөр нийслэлийн тэнгэр бүрхэг байна. Гэтэл энэ нь бороо оруулах үүл мөн үү, биш үү гэдгээс хамаарч буудна. Бид хамгийн түрүүнд үүлний процессыг хардаг. Конвекцийн гаралтай үүл буюу босоо чиглэлээр эрчимтэй хөгждөг үүл бороо оруулах магадлал өндөр байдаг. Энгийн үгээр хэлэх юм бол борооны бөөн үүл дээшээ давхарлаж, зузаан үүсдэг. Ийм үүлэнд нөлөөлөх юм бол бороо оруулах магадлал өндөр байдаг юм. Хоёрдугаарт, үүлний услаг хэмжээ ямар байна, цөм нь хаана байгааг судалж, хэмждэг. Ингээд үүлний гол төв цэгийг тооцож байгаад үүлэнд нөлөөлөх ажлыг хийнэ. Тухайн үүл газрын гадаргууд дөхөж ирж, суусан байвал сайн байдаг. Дунджаар нэг км болон түүнээс доош ороод ирчихсэн үүл байвал сайн.

Өөр нэг бороо оруулж болох процесс бол дэлхийд агаарын урсгалын цикл юм.  Монгол Улсад гурван том агаарын урсгал орж ирдэг. Эхнийх нь баруун хойд агаарын урсгал буюу Европ, Сибир, Хойд туйлын агаарын урсгал нэг циклээр хуйлран орж ирдэг. Нөгөөх нь зүүн өмнөдийн агаарын урсгал буюу Хятад, Солонгос, Японоос ирж байгаа агаарын урсгал хуйлран орж ирдэг. Үүнээс гадна баруун өмнөдийн агаарын урсгал буюу Энэтхэгийн далайгаас ирж байгаа агаарын урсгал Хималайн нурууг даваад, уруудаж орж ирдэг. Дээрх гурван агаарын урсгалаас том хэмжээтэй үүлний процесс орж ирэх юм бол үүлэн дэх усан дуслын хэмжээг тогтоогоод, төв цэгийн үүлэнд нөлөөлөх ажлыг хийнэ.  

-Ойн түймэр гарч байгаа газар үүлэнд нөлөөлөх боломж хэр өндөр байдаг вэ?

-Түймэр болж байгаа газар дээрх процессууд үүсч өгдөггүй. Яагаад гэхээр түймэр гарч байгаа хэсгээс маш халуун агаар дээш хөөрдөг. Ингээд тэр хэсгийн агаарын температур маш халуун болж, үүлийг хөөчихдөг. Та бүхэн сайн анзаарах юм бол түймэр гарч байгаа хэсгийн үүлэнд онгорхой гарчихдаг. Халуун агаар доороос нь төөнөөд байхаар үүл бүрэлдэхгүй гэсэн үг. Тиймээс бид 10-30 км зайнаас нөлөөлөх оролдлого хийдэг.

-Улсын хэмжээнд үүлэнд нөлөөлөх процесс хэзээнээс эхэлсэн бэ?

-Үүлэнд нөлөөлөх ажлыг дулааны улиралд хийдэг. Бид дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд үүлэнд нөлөөлж эхэлсэн.

-Төв аймгийн Батсүмбэр суманд нэлээд хэдэн түймэр нэг зэрэг гарсан. Үүлэнд нөлөөлсний ачаар түймэр цурамд орох шиг боллоо. Тэр хэсгийн үүлэнд нөлөөлөх ажлын хэрхэн зохион байгуулсан бэ?

-Тэр хэсэгт манай дөрвөн экспедиц ажилласан. Төв цаг уур, Төв аймаг, Хэнтий аймаг, Сэлэнгэ аймгийн экспедиц дөрвөн талаас нь үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулсан.

-Улсын хэмжээнд борооны пуужингийн нөөц хэр зэрэг байна вэ?

-Бид түрүү жилийн намар 1000 ширхэг пуужин авсан. Үүнийг 21 аймгийн 42 экспедицэд хуваарилсан. Нэг аймагт дунджаар 30 орчим борооны пуужин хуваарилсан. Нэг удаа үүлэнд нөлөөлөхөд 2-3 пуужин зарцуулдаг. Тэгэхээр нэг аймагт хуваарилсан пуужингаар 10 удаа нөлөөлнө гэсэн үг. Ихэвчлэн бид хаврын тариалалт, өвс ургамал ургаж эхлэх үед үүлэнд нөлөөлдөг. Мөн дээр байгалийн онцгой гамшигт үзэгдэлд шууд туслан гүйцэтгэх үүрэгтэй ажилладаг.

-Дараагийн ээлжийн борооны пуужингийн нөөц хангамж хэзээ орж ирэх вэ?

-Долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр БНХАУ-аас пуужингийн нөөц орж ирнэ. Манай хэрэглэж байгаа пуужинг зөвхөн Монгол Улс хэрэглэдэг. Тиймээс тухайн үйлдвэр нь нэг захиалгадаа 500 ширхгээс дээш тоотой байх шаардлага тавьдаг. Зориулж үйлдвэрлэж байгаа учраас цаг хугацааны асуудал гарна. Бид тавдугаар сард захиалгаа өгч, гэрээгээ байгуулсан. Ирэх наймдугаар сард пуужингаа авчих байх. Гэхдээ өмнөх жилийн нөөцөөр дараагийн нөөцтэй золгоно гэсэн график төлөвлөгөөгөө гаргачихсан. Бид 1990 оноос хойш салбартаа тасралтгүй ажилласан 20-30 жилийн туршлага байна. Тиймээс төлөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Одоогоор бол борооны пуужин дутагдсан зүйл байхгүй. Гэхдээ түймэр байн байн гараад байх юм бол пуужингийн нөөц дуусч мэдэх юм.  

-Энэ жилийн хавар тариалалт эхлэх үеэр чийг хэр өгсөн бэ? Одоо гарч байгаа мэдээллээр бол тариалалтын бүс гандуу байна гэх юм.

-Миний бодлоор их хэмжээний ургац алдахгүй байх. Яагаад гэвэл хавар тариалалтын үеийн чийгийг бид сайн өгсөн. Үр тариа суулгах үед чийг сайн өгөхөөр ургах явцдаа чийгээ хадгалаад байдаг. Харин долдугаар сард их бороо орох юм бол тариалалтад муу байдаг. Байнга чийгтэй байгаад байхаар тариа ногоо ургаж чаддаггүй. Тэр утгаараа ургац алдахгүй болов уу гэж бодож байна.

-Энэ жил хуурайшилт ихтэй, агаарын температур их халуун байна. Энэ нь юунаас үүдэж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж  энэ жил хуурайшилт ихтэй байна. Уур амьсгалын өөрчлөлт нь маш олон зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, хүлэмжийн хийн агууламж нэмэгдэж байна. Энэ юунаас болж байна вэ гэхээр хүний үйл ажиллагаанаас үүддэг. Өөрөөр хэлбэл үйлдвэржилт нэмэгдэж, авто машины тоо олширч, дэлхийн гадарга дээр байгаа дулааны хэмжээг зохиомлоор дулааруулаад байгаа юм. Температур өсч, дулааны хэмжээ нэмэгдэхээр чийг багасна.

Хоёрдугаарт, жил жилийн онцлог гэж байдаг. Энэ жилийн хувьд өвөл цас бага орсон, хаврын чийг багатай байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж