Монголын компаниуд австралийн бирж дээр үнэд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Монголын компаниуд австралийн бирж дээр үнэд хүрлээ

Манай улсыг гадны хэвлэ­лүүдээр уул уурхайн орон хэмээн нэрлэх болсоор удаж байна. Байгалийн асар их нөөц баялагтай учраас тэгж хэлж болох юм. Үүнээс улбаалан Хөрөнгийн бирж гэх ойлголт мон­голчуудын дунд дэлгэрч эхэллээ. Одоогийн байд­лаар Монголын ашигт малтмалыг барь­цаалан олон улсын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж байгаа компаниудын тоо аль хэдийнэ 20-оос давжээ. Тэдний заримынх нь талаарх сүүлийн үеийн мэ­дээллүүдийг хүргэе.

Ухаа худагийн нүүрсийг    олборлох эрхтэй “Энержи Ресурс” компани Хонконгийн Хөрөнгийн бирж дээр нэг тэрбум ам.долларын хувьцаа гаргалаа хэмээн шуугиж байсан нь саяхан. Өчигдрийн  байд­лаар, тус компанийн нэгж хувьцаа 10.44 хонконг доллараар арилжигдаж байна. Хонконгийн Хөрөнгийн бирж дээр “Мongolian mining corporation” гэх нэрээр бүртгэлтэй тус компанийн хувьд хувьцааны арилжаа нь нэлээд идэвхтэй байгаа боловч ханш нь төдийлөн дорвитой өсөхгүй байгаа аж.

Хонконгийн Хөрөнгийн бирж дээр “Mongolian Energy Corporation” хувьцаагаа арилжаалж байгаа. Тус компани Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордод хайгуул хийдэг. “Mongolian Energy Corporation”-ы нэгж хувьцаа өчигдөр 2.39 хонконг доллар болж, өмнөх өдрийнхөөсөө 2.05 хувиар буурчээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр нэгж хувьцаа нь 5.6 хонконг доллараар арилжигдаж байсан ч түүнээс хойш тасралтгүй буурсаар байгаа юм. Хөшөөтийн уурхайгаас түүхий нүүрс экспортлохыг хориглох шийд­вэр гарсантай үүнийг холбон тайлбарлаж болно. “Mongolian Energy Corporation”-ы хувьцааны 30 хүртэлх хувийг Монголын тал, үлдсэн хувийг Хятадын компани эзэмшдэг гэх мэдээ бий.

Давсантолгойн ордод хайгуул хийж байгаа “Петро Матад” ком­панийн тухайд шинжээчид харь­цангуй эерэг дүгнэлт өгчээ. Лондоны Хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээл буюу AIM дээр бүртгэлтэй тус компанийн гүйцэтгэх захирал Дуг Макки саяхан өгсөн ярилцлагадаа Монголд хийж буй хайгуулын ажилд сэтгэл хангалуун байгаагаа онцлоод Давсантолгойн дөрөв, тавдугаар блок дахь хайгуулаа энэ онд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа онцолжээ.

Дорнод аймгийн Матад сумын Давсантолгой гэдэг газар газрын тосны асар их нөөц илрүүлсэн тухай “Петро Матад” компани өнгөрсөн долдугаар сард анх мэдээлсэн. Үүний дараа тус ком­панийн нэгж хувьцааны ханш ганцхан өдрийн дотор 50 гаруй хувиар өсч, 87.80 ам.доллар болж байв. “Петровис” компанийн 40 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Матад” компани түүнээс хойш хувьцаагаа амжилттай борлуулсаар байгаа. Өчигдрийн байдлаар, нэгж хувьцаа нь 120 фунт болж, өмнөх өдрийнхөөсөө өөрчлөгдсөнгүй. Тус компанийн хувьцаа өнгөрсөн оны эхэнд 17 пенс байжээ. Их Британийн “Money Week” сэтгүүл 2010 онд газрын тосны компаниудаас “Петро Матад”-ын хувьцааны арилжааг шилдэг нь байлаа хэмээн мэдээлж байв. “Ер нь цаашид ханш нь өсөх төлөвтэй байгаа” гэж Лондонд төвтэй хувьцааны брокер “Westhouse Securities” компанийн шинжээчид дүгнэсэн байна. Харин одоо өвлийн улирал болж байгаа учир “Петро Матад” компани өрөмдлөгийн ажлаа зогсоосон. Тиймээс хувьцааны ханш нь улирлын шинжтэйгээр түр хугацаанд буурах хандлагатай байгаа юм.

Австралийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай арилжаалж байгаа Монголын компаниуд цөөнгүй бий. Үүнээс өнгөрсөн оны хоёрдугаар сард анхны IPO хувьцаагаа гаргаж байсан “Хүннү Коал”, мөн өнгөрсөн сарын 9-нд IPO гаргасан “Харанга Ресурс” хоёрыг нэрлэж болох юм. “Харанга Ресурс”-ын хувьд олон улсын Хөрөнгийн биржийн тоглогч болоод удаагүй байгаа ч хувьцаагаа амжилттай арилжаалж байна хэмээн Австралийн “Business News” сонинд мэдээлжээ.

Төмрийн хүдэр олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Харанга Ресурс”-ын хувьд анхдагч зах зээлд 125 сая ширхэг хувьцаа гаргаж, нэгийг нь 0.2 австрали доллараар үнэлэн хувь­цааны нээлтийн ханш нь 54 центээр эхэлж байв. Ерөнхийдөө нэг өдрийн дотор 37.4 сая австрали доллараар үнэлэгдэж байсан компани орой болоход 99.9 сая австрали дол­ларын зах зээлийн үнэлгээтэй болсон юм. IPO гаргасан өдрөө ийм өндөр хувиар өссөн тохиолдол ховор байдаг хэмээн тухайн үед Австралийн Хөрөнгийн биржийн шинжээчдээс сайн үнэлгээ авч байв. Уржигдрын байдлаар “Харанга Ресурс”-ын нэгж хувьцаа 0.665 австрали доллараар арилжигдаж, өнгөрсөн баасан гарагт арилжаа хаагдах үеийнхээс 3.62 хувиар буурчээ. Өнгөрсөн баасан гарагт тус компанийн нэгж хувьцаа 0.715 австрали доллараар үнэлэгдэж байсан юм. Ерөнхийдөө “Харанга Ресурс”-ын хувьцааны арилжаанд биржийн шинжээчид эерэг үнэлгээ өгч байна. Түүнчлэн “Хүннү Коал”-ын замналаар явж байгаа, хөрөнгийн зах зээл дэх ирээдүйтэй компаниудын нэг хэмээн дүгнэжээ. “Хүннү Коал”-ын хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сард Австралийн Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж эхэлсэн юм. Анх нэгж хувьцаагаа 0.20 австрали доллараар үнэлж байсан тус компанийн хувьцаа өчигдрийн байдлаар 1.38 австрали доллар болжээ. Энэ нь өнгөрсөн баасан гарагийнхтай харьцуулахад 4.15 хувиар буурсан дүн юм. “Хүннү Коал”-ыг зүүн, хойд Азийн орнуудын компаниудаас өнгөрсөн онд Хөрөнгийн бирж дээр хамгийн амжилттай ажилласан хэмээн санхүүгийн зөвлөгөө өгдөг олон улсын “Deloitte” байгууллагын шин­жээчид дүгнэжээ.

Австралийн Хөрөнгийн бирж дээрх гол тоглогчдын нэг “Аspire Mining” компанийн нэгж хувьцааны ханш өчигдөр 0.8 австрали доллар байсан нь өмнөх өдрийнхөөсөө 13.48 хувиар өссөн дүн юм. Тус компани Хөвсгөл аймагт орших Овоотын коксжих нүүрсний ордыг 100 хувь эзэмшдэг. Мөн Нурант, Шанаганы нүүрсний ордын төслүүдийг хариуцаж, хайгуул хийдэг компани юм. Өчигдөр “Аspire Mining” Овоотын ордоос сорьц авч, дээжийг нь шалгасан тухай мэдээлэл олон улсад цацагджээ. Уг ордоос нэлээд өндөр чанартай нүүрс илэрсэн тул тус компанийн хувьцаа ийн өссөн байна. “Саусгоби Ресурс” компани өнгөрсөн аравдугаар сард “Aspire Mining”-ийн хувьцааг худалдаж авах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд энэ сарын 31-нээс өмнө хувь эзэмших ажиллагааг дуусгаж, нийт хувьцааны 19.9 хувийг эзэмшихээр болсон юм. Ингэхдээ нэгж хувьцааг нь 0.19 австрали долараар үнэлжээ. Дашрамд дурьдахад, Овоотын кокосжих нүүрсний орд нь 93.3 сая тонн баттай, 182.4 сая тонн тогтоогдсон нөөцтэйгөөс гадна 55 сая тонн таамаг нөөцтэй хэмээн “Aspire Mining”-гаас мэдээлсэн юм.

Австралийн Хөрөнгийн бирж дээр Монголын уул уурхайд олборлолт хийх эрхтэй компаниудын хувьцаа ийн үнэд хүрсээр байна. “Монгол бол эдийн засгийн хувьд өсөн нэмэгдэж байгаа орон. Гэхдээ уул уурхайн салбар нь хөгжлийн хувьд дөнгөж эхний шатандаа байгаа. Тодорхой болоогүй зүйл олон байна. Тиймээс Монголын уул уурхайн   компаниудын хувьцааны ханш цаашид хэрхэн хэлбэлзэхийг урьдчилан тооцоолоход хэцүү” хэмээн “Ocean Equities”-ийн шин­жээчид дүгнэжээ. Энэ талаар www.theaustralian.com.au сайтад мэ­дээл­сэн байна. Дашрамд дурьдахад, урьдчилсан тооцоогоор 6.4 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдоод байгаа Тавантолгойн уурхайд олборлолт хийх эрхтэй “Эрдэнэс-Тавантолгой”-н IPO хувь­­­цааг Хонконгийн Хөрөнгийн биржийнхэн нэлээд сонирхож байна. Энэ талаар “Wall Street Journal”-д мэдээлжээ. Гэхдээ тус компанийн анхдагч хувьцааг гаргах бэлтгэл ажлыг хангахын тулд дор хаяж зургаан сарын хугацаа шаардлагатай болохыг шинжээчид онцолж байгаа.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж