Монгол түймрийн өмнө хүчин мөхөсдөж байна. Эрчилсэн улаан галтай онцгойгийн залуус хэдэн өдрийн турш нүдэлдсэн ч цурманд оруулсан галаа хүн хүч, техник хүрэлцэхгүйгээс алджээ. Арга буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд түймрийн голомтод ажиллахад хүрэв. Төрийн ажлаа хаяад түймэрт явдаг Ерөнхийлөгч Монголоос өөр улсад байна уу.
Үүл буудаж, бороо оруулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Төв аймгийг зорьсон ч түймрийг унтраах хэмжээнд бороо асгасангүй.
Хойд хөршөөс агаараас ус цацаж, түймэр унтраадаг онгоц авах хүсэлт тавьсан ч жолоодох нисгэгч бэлтгэгдээгүй гэх бүтэлгүй яриа дуулдлаа.
Үндсэндээ Монгол Улс гамшгийн өмнө бэлтгэлгүй, байгаа хүчээ зангидаад явах удирдлагагүйгээ ийн харууллаа.
Улсын онцгой комиссын хуралдаанаар өчигдөр /2017.07.16/ түймрийн нөхцөл байдлыг хэлэлцэв. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар тусгай техник, хүн хүчээр дэмжлэг үзүүлэх санал гаргасан ч Шадар сайд дан ганц Онцгой байдлын хүчээр түймрийг унтраах боломжтой гэж зөрүүдлэв. Гэтэл түймрийн голомтод ажиллах онцгой байдлын залуус, байгаль хамгаалагч нар, орон нутгийн иргэд түймрийг унтраахад хүн хүч, техникийн хүч маш их хэрэгтэй байгааг онцолсон. Байгаа хүч нь хуурайшилт ихтэй ойн түймрийг унтраахад яаж ч чадахгүй байгаагаа учирласан.
Харин хэд, хэдэн удаа нисдэг тэрэг хөлөглөн, түймрийн голомтод ажилласан Шадар сайд яагаад нөхцөл байдлаа мэдэрсэнгүй вэ? Яагаад салбараа системээр нь удирдаж, бусад салбарынхныхаа хүчийг ашиглахыг хүссэнгүй вэ. Түймэр бороо орохыг хүлээж байдаг гамшиг юм уу?
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг сайтар хангасан бэлтгэл, нэгдсэн удирдлага, зөв зохион байгуулалтаар л давж гардаг. Гэтэл Улсын Онцгой комиссын хуралдаанаар хөндөгдсөн бас нэгэн анхаарал татах асуудал нь наадмаас өмнө Сангийн яам шаардлагатай хөрөнгийг гаргаж өгөөгүйгээс үүл буудах сумгүй болж, цаг алдсан тухай хөндөгдлөө. Энэ Засгийн газарт ажлын уялдаа холбоо алга. Дэмжлэг үзүүлье гэхэд “Хэрэггүй” гэдэг. Зүйрлэвэл шуудайд хийсэн үхрийн эвэр шиг л тал, тал тийшээ харцгааж байна.
Харин бахархах зүйл гэвэл “Эх орон шатаж байхад иргэд бид хараад сууж таарахгүй” гээд хүрз, жоотуу, бээлий юу байгаагаа бариад түймэр унтраахаар нэгдэх залуусын тэмүүлэл Монгол хүн бүрт эх орноо хайрлах омогшил, сэтгэлийн дуудлага төрүүлж байна. Төр нь бэлтгэлгүй ч түмэн олон нэгдмэл байна. Хандивыг ч харамгүй өглөө. Хоёрхон өдрийн дотор 300 гаруй сая төгрөг Онцгой байдлын дансанд төвлөрчээ. Яам, агентлагууд ч нэг өдрийн цалингаа хандивлаж байна. Зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяаны 30 мянга гаруй албан хаагчийн нэг өдрийн цалин тэрбум төгрөг рүү ойртож очих тухай дуулдлаа. Одоо энэ хандивын мөнгийг ойр зуурын хэрэглээнд биш түймэр унтраах онгоц худалдан авахад зарцуулах нь чухал.
Дараагийн гамшигт бэлтгэлтэй байхын тулд, дараагийн гамшгийг дотоодынхоо хүчээр сөрж, давдаг болохын тулд одооноос бэлтгэлээ хангах ёстой. Бодлого ч үгүйлэгдэж байна. Түймэр унтраах зориулалтын онгоц жолоодох нисэх хүчний багаа ч бэлтгэ.
Хэдий болтол хүрз, олсноос өөр багажгүй онцгойгийн хэдэн залуусаа түймэр унтраагаад ир гэж явуулах юм. Хэдий болтол тэд 25 литр ус үүрээд 10 гаруй км-ын алсад гарсан түймэр унтраахаар уулын орой руу мацах ёстой юм.
Иргэд ч амарч, зугаалсан газраа хог новшоор булж, байгальд асар их хохирол учруулж байгаагаа ухаарах цаг нь болжээ.
Байгальд амрахаар, ууланд авирахаар ирээд агаарын цэнгэг, цэвэр цэмцгэр орчныг нь гайхаж, бишрэх атлаа татсан тамхи, уусан архиныхаа шилийг хаяад явахдаа юман чинээ тоохгүй. Хаяад явсан шилнээс, татаад орхисон тамхины шилбэнээс, цучал нь унтраагүй нурмаас гал асаж, түймэр дэгдэж байгааг хэзээ ойлгох юм бэ. Эх орны газар шороо шатаж, ширхэг ойгүй болсон хойноо ухаарах хэрэг үү?. Нийт гарсан түймрийн 70-80 хувь нь зөвхөн хүний үйл ажиллагаатай холбоотой болохыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Одоо бид өөрсдийнхөө хэлдгээр “орк” зангаа засацгаая. Эх орон шатаж дууслаа.
Г.ХОРОЛ