Эрчим хүчний салбарынхан орон нутагт дулаан хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, аж ахуйн нэгжүүдийн хэрэглэгчдэд худалдах дулааны тарифыг бодит өртөг зардалд үндэслэн тогтоож чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Ялангуяа ахуйн хэрэглэгчдийн дулааны тариф Сэлэнгэ, Булган, Дундговь, Дорноговь, Төв, Ховд зэрэг аймагт бусад бүс нутгаас өндөр үнэтэй байдаг билээ.
Өнгөрсөн онд Монгол Улсын үр тариа, хүнсний ногооны 60 гаруй хувийг нийлүүлсэн Сэлэнгэ аймаг. Улсын төсвөөс татаас авдаггүй, харин татан төвлөрүүлдэг аймаг хэмээн магтаал хүртэж байсныг санаж байна. Тус аймгийн хувьд төвийн бүсэд хамаардаг тул цахилгааныг нийслэлчүүд бидэнтэй адил үнээр худалдан авдаг. Харин дулааны үнийн хувьд 800-1200 төгрөгт хэлбэлздэг байна. Энэ нь төмөр замаар 200 гаруйхан километр яваад нүүрсээ татчихдаг аймгийн хувьд харьцангуй өндөр үнэ юм. Гэтэл хоёр талдаа 450 гаруй километр замыг шатахууны алдагдалд орон байж нүүрсээ татаж авдаг атлаа 700-1300 төгрөгөөр хэрэглэгчдэд дулаан түгээж буй аймаг бас байна. Иймэрхүү өндөр үнэ санал болгож хэрэглэгчдэд харилцан адилгүй хандаж байгааг эрчим хүчний хуулиар зохицуулж чадахгүй байна уу даа гэж дүгнэхээс өөр аргагүй. Эрчим хүчний хуульд зааснаар хэрэглэгчдэд хүрэх цахилгаан дулааны үнийг захиалсан дээд хэмжээ, хэрэглээ, ачааллын горим, хэрэглэгчийн ачааллаа зохицуулах чадвар буюу эрчим хүчний тасалдлыг хүлээн зөвшөөрөх боломж зэргээс шалтгаалж тогтоодог юм билээ.
Хэнтий аймаг ганцхан метр квадрат талбайг дулаацуулах үнээ 980-1100 төгрөгөөр үнэлжээ. Тус аймгийн хувьд 60 гаруйхан киллометр яваад нүүрсээ нийслэлчүүдээс ч хурдан тээвэрлээд авчихдаг. Бас хамгийн хол сум нь 100 гаруйхан киллометрийн зайтай гэж байгаа. Тус аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүнээс энэ талаар лавлахад өндөр үнэтэй гэж хэлснийг үгүйсгэсэн юм. Гэхдээ дулааны төвлөрсөн шугамтай болбол 50 хүртэлх хувиар багасгах боломжтой гэсэн огт хамааралгүй хариулт хэлж байна. Хамгийн сонин нь нүүрс тээвэрлэлтэд энэ аймаг ямар ч хяналт тавьдаггүй бөгөөд тээвэрлэгчийг сонгон шалгаруулах ажил нь Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс огт хамааралгүйгээр аймгийн ЗДТГ-ын хэн нэгэн эрх мэдэлтний “ханцуй”-нд л өрнөдөг бололтой.
Завхан аймаг эрчим хүчний хувьд улсаас татаас авдаг хоёрхон аймгийн нэг. Тус аймаг 930-1350 төгрөгөөр дулаанаа нийлүүлдэг байна. Мөн цахилгааны хувьд киловатт тутамд 90 төгрөг авдаг аж. Энэ нь хэдийгээр улсдаа хамгийн өндөр үнэ хэмээн тооцогдож байгаа ч 460 километр хол Могойн голын уурхайгаас нүүрсээ татдаг аймгийн хувьд дундаж үнэ гэж ойлгож болно. Тус аймгийн ЗДТГ-аас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар сүүлийн гурван жилд болоогүйгээр хүйтэрч дулааны шугамууд нь их хэмжээгээр хөлджээ. Тиймээс дулааны хязгаарын горимоор ажиллаж, өдөртөө халааж шөнөдөө шугам засварлах бэрх ажилтай болсон байна. Тус аймагт өнөөдрийн байдлаар дулаан дамжуулагч 14 аж ахуйн нэгж байгаа бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжүүдээ Эрчим хүчний зохицуулах хорооноос тавьсан шаардлагын дагуу сонгож авдаггүйгээс болж жил, жилийн өвөл улиг домог болтлоо шугам, сүлжээний эвдрэл гардаг аж. Мөн өнгөрсөн онд дээрх 14 галлагааны зуухны наймыг шинэчилснээс гурав нь аймгийн Засаг даргын мэдэлд байдаг гэдгийг орон нутгийн иргэд нь хэлж байна. Харин зуухны шинэчлэлийг арилжааны банкнаас бага хүүтэй зээл авч, гурвалсан гэрээнд үндэслэн хийсэн хэмээн аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн тайлбарлаж байна. Мөн өнгөрсөн оноос аймгийн Засаг дарга нарын мэдэлд Тээвэр, замын агентлаг байгуулахыг холбогдох яамнаас үүрэг болгосон юм. Агентлагийн үндсэн үйл ажиллагаа нь хот хоорондын зорчигч тээвэр, нүүрс тээвэрлэлтийн компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулах ажил юм. Гэтэл өнөөдрийн байдлаар дийлэнх аймгууд агентлагаараа дамжуулж нүүрс тээвэрлэгчийг сонголгүй хувь хүмүүсээр тээвэрлүүлдэг болохоо хэнэггүйхэн хэлж байна. Завхан аймгийн хувьд 460 километрийн алсаас бүтэн өвлийн турш нүүрс тээвэрлэдэг атлаа хувь жолооч нараар гүйцэтгүүлдэг аж. Тэгэхээр нэгдсэн зохицуулалтгүй бүдүүн бараг тохиролцоонд үндэслэн явагддаг ийм тээвэрлэлт дулааны үнэ бүрдэлтэд яаж нөлөөлж байгааг мэдэхэд хэцүү юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин