Талбайн теннисний энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн болох “Уимблдон” өчигдөр Их Британы Лондон хотноо өндөрлөлөө. 14 хоногийн турш болсон тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн Г.Мугуруза түрүүллээ. Тэрбээр шигшээ тоглолтод АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямсыг 7:5, 6:0-оор хожиж, аваргын цомыг өргөлөө.
Мугуруза шигшээд хүрэхдээ олон хүнд тоглолтыг хийсэн. Тэр дундаа дөрөвдүгээр тойрогт дэлхийн манлай теннисчин, “Их дуулга”-ын хоёр түрүүт Германы А.Кербер /4:6, 6:4, 6:4/, шөвгийн наймд ОХУ-ын С.Кузнецова нарын шилдэг тамирчдыг хожсон юм.
Г.Мугуруза энэ жил 23 настай бөгөөд өнгөрсөн онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол 2017 оны “Уимблдон”-д түрүүлж, ‘Их дуулга’-ын хоёр дахь түрүүгээ хүртлээ.
Харин тус тэмцээний финалд үлдсэн Винус Уильямс энэ жил хоёр дахь “Их дуулга”-ынхаа финалд шалгарлаа. Тэрбээр оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний аваргын төлөө тоглохоор шалгаран үлдсэн ч дүү Серенад ялагдсан юм.
Винус Уильямс энэ жил 37 настай бөгөөд ‘Уимблдон’-д 10-т эрэмбэлэгдэн тоглохдоо өөрийн чансаагаа ахиулж чадлаа.