У.Хүрэлсүх VS Э.Бат-Үүл

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх VS Э.Бат-Үүл

УИХ-ын
гишүүн  Ц.Да­ваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ дөрөв
“шударга ёс”-ны төлөө  тэмцэхээр нэгджээ.   Тэгээд хоорондоо  ярьж
байгаад намын удирдлагаа  ухаан алдуулам  нэг юм бичээд (С.Батболд,
У.Хүрэлсүх хоёр  уншаад л  шууд ухаан алдаж унана  гэж тэд тооцжээ  )  
сөрөг хүчнийх нь сонин дээр мөнгө төлөөд хэвлүүлчихэв.  Байдаг л нэг
сценари. Гэхдээ тэдний хувьд бол гайхалтай хэрэг л дээ.   “Шударга
ёс”-ны төлөөх тэмцлийн  гол зорилго нь   18-ны өдрийг чухалчлахад оршиж
байв.  Учир нь эл өдөр Ардын намын Удирдах зөвлөлд  шинээр оруулах
хүмүүсийг хэлэлцэх ёстой байлаа.  Урьд өмнө нь Ц.Даваасүрэн,
Б.Бат-Эрдэнэ нар Удирдах зөвлөлийн  гишүүн болъё гэж намын дарга дээрээ
орсон ч нөгөөх нь зөвшөөрөөгүй юм байж.  Тэгээд  ил  захидлаа 
угтуулаад  шидчихэв.  Мэдээж бүлгийн хуралдаантай өдрийг тааруулахаа бас
мэднэ.  Ингээд  хурал дээрээ  Ерөнхий нарийн бичгийн даргаа илт өдөв. 
Дарга нь хэзээнээсээ  түргэн зантай тул яаж дуугүй суухав дээ. ” Намаар
оролдоод байвал хохь чинь шүү.  Ингэж албан тушаалын шантааж  хийдгийг
чинь таслан зогсооно. Бид энэ намын толгойд байсан  цагт ингэж
доромжлуулж чадахгүй шүү” гэчихэж. Өнөө дөрөвт азны юм болно биз дээ.
Үсэрч гараад л хэдэн хэдэн сонинд “Хүрэлсүх биднийг ална гэсэн, аймаар
юм бэ, яанаа, цагдаа дуудаарай”гээд л бархирч гарах нь тэр. Одоо  тэдний
амь нас  дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, У.Хүрэлсүх нь хүн алахыг завдсан
хэрэг болон хөвөрч   өгөх нь тодорхой болов.   Гэхдээ миний бодлоор бол
У.Хүрэлсүхийн зөв. Намынхаа Удирдах зөвлөлийн гишүүн болж чадсангүй
гэдэгтээ уурсан монгол төрийн хойморт дураараа  далжиганах иймэрхүү
нөхдийг “алаад өгөхөд” яадаг юм бэ.  Нэгэнт л У.Хүрэлсүхийг Монгол ардын
намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон л бол тэр хүн эрхийнхээ
хүрээнд өөрийн намын нэг муу гишүүнээ  савтал  нь  “алгадахад” юу нь
болохгүй гэж.  Тэгэхгүй бол хэн дуртай нь хүний хатгаасаар   эрээн
мяраан   улс төр хийдэг нь энэ төрийг сульдааж байгааг бид  харж байна.
Ер нь  нам  гэлтгүй төрд зангараг дутагдах болж.  Нусаа чирсэн болгон 
улс төр зүүдэлж дарга нараа айлгаж байгаад албан тушаалд очдог эрүүл бус
сэтгэлгээ одоо бүр тогтолцоо болтлоо  бэхжих шинжтэй.  

Энэ
гажгийг  засахгүй бол байсхийгээд л нэг хөдөлгөөн, өргөх бичиг, матаасны
ярилцлага  тасрахгүй нь.  Эхлээд албан тушаал горьддог байсан бол 
эцэстээ  бүр цусаа ханаж эзгүй арал дээр очиж амьдарна хэмээн
заналхийлэх болов.  Хувь хүн өөрийнхөө цусыг урсгана уу байна уу  маньд
уг нь  хамаагүй.  Эзгүй арал дээр очно уу, долоон буудлын цасан дээр
хөрвөөнө үү бас л падлий байхгүй.  Гэхдээ энэ  галзуурал нь нийгэмд 
аюултай эсэхийг тунгааж үзэх шаардлагатай  болж.  Ер нь юмыг яаж мэдэх
вэ, С.Ламбаа  сайд сэтгэцийн эмнэлгээ өргөжүүлэн тохижуулж байхад
буруудах юмгүй мэт санагдана. “Саалиа бэлдэхээс саваа бэлд”гэж үг 
байдаг  байх аа.

Э.БАТ-ҮҮЛ ГЕНСЕК БОЛНО ГЭВ ҮҮ

 
Монгол
ардын нам дотооддоо   учраа олохгүй  мунгинаж байх зуур Ардчилсан
намынхан  хэл амаа ололцож байна гэсэн  мэдээ ирэв. Намын дарга
Н.Алтанхуяг болон бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар саяхан нэг уулзалт
зохион байгуулжээ. Мэдээж энэ бол албан ёсны хурал биш. Ардчилсан намын
дотоодын фракциуд  Ардын намд байдал бишдээд байгааг  мэдэрч, энэ удаа. 
Нэгэнт МАН-ын  дотоод зөрчил хурцдаж  тэр нь нийгэмд таагүй хандлага
үүсгэж  байгааг шүүн  ярилцсан бололтой.   Ардын намын толхилцооныг 
Ардчилсан намд  ашигтай хэлбэрээр эргүүлэх талаар зөвлөлдөж нэг зүйл
дээр  санал нэгдсэн гэх.  Ардын нам өөрөө өөрийнхөө хар PR-ыг хийх тусам
Ардчилсан намын гишүүд тэднээс зайгаа барих нь 2012 оны сонгуульд ялалт
байгуулах боломжийг нээж өгнө гэж үзжээ.  Хамтарсан Засгийн газрын нэг
сайдыг огцруулах эсэх талаар УИХ хэлэлцэнэ гэдэг Ардын нам болон Засгийн
газарт хасах оноо авчирч байна гэсэн үг. Хэрвээ Д.Зоригтыг биш юм гэхэд
хэн нэгэн сайдыг дахиад огцруулах эсэх талаар УИХ хэлэлцэх л юм бол
ирээдүй бүрхэг болно. Ийм үед улс төрийн торгон мэдрэмж гаргавал
Ардчилсан намд ашигтай байж мэдэх л юм. Тэд энэ удаа Н.Алтанхуягийгаа
өөрчлөхгүйгээр ахиад нэг алхам хийхээр тохиролцжээ. Намын Ерөнхий нарийн
бичгийн даргаараа Э.Бат-Үүлийг зүтгүүлэх гэнэ. Хэрвээ мань хүн
Д.Эрдэнэбатыгаа “хусч” дөнгөвөл хамтарсан Засгийн газраас  намаа татаж
гаргах нөхцөл бүрдэнэ. Тэрнээс одоо байгаа бүрэлдэхүүнээрээ  яавч
засгаас гарах бололцоогүй. Э.Бат-Үүлийг З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэй 
Ард­чилсан хүчний холбоо дэмжихгүй. Гэхдээ хамтарсан Засгийн газрыг
огц­руулна гэсэн ам өчиг өгвөл болоод явчихна. Засгийн газрыг тараах
сонирхол дээр нэгдвэл   Н.Алтанхуяг зэрэг ч яамай.  Үүнд МҮДН-ын
угшилтай гишүүд, Зүүн хойд Азийнхан санал нэгджээ.  Тэд харин Х.Баттулга
сайдтай хэрхэн хэл амаа ололцож байгаа нь сонирхолтой.  Гэхдээ баттай
бус эх сурвалжийн мэдээлснээр Х.Баттулга сайд тэднийг дэмжихээр ам
гарсан сураг байна.  Хэрвээ үнэхээр тэр дэмжсэн бол “юм эхэлчихсэн”
гэсэн үг.  Тэгэхээр хаврын улс төр ха­луухан болж мэдэхээр байна.  Учир
нь  Ц.Даваасүрэн нарыг  МАН-ын генсек намнаж байх зуур АН-ын ирээдүйн
генсекийн толгойд засгаас “ур­вах” төлөвлөгөө  боловсорч байна.

Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж