Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Түймэр

Хөл хорио тогтооё

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нөхөн сэргээх “Сүүж-Уул” амралт, сувиллын “Цагаан шонхор”, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Жанхайн аманд Хөвсгөл далайн хөвөөнд наймдугаар сарын 01-нд нээжээ.

Гал ноцсон гантай зун ид дундаа орж байна. Өнөөдөр зуны дунд сарын 23. Хөхөөн дуу татарч амжаагүй байхад хөдөө талд  царцаа шаргиад эхэлсэн нь хэт хуурайшилтай байгааг, намар наашилж явааг сануулна. Наадмын өдрөөс эхлээд уйдтал асгардаг бороо хяссан юм шиг таг чиг. Нийслэл орчимд хаа нэг дусагнаад өнгөрөх хэр нь гантай, түймэртэй нутгуудаар борооны үнэр ч алга.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 газарт түймэр ноцож байна. Түймэр унтраахаар ажиллаж буй хүмүүст туслах аян өрнүүлж, хүн болгон эрвийх дэрвийхээрээ оролцож байна. Гал сөнөөгчдөд туслах группийнхэн л гэхэд 30 гаруй сая төгрөгийн хандив цуглуулж, түүгээрээ түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид, нутгийн иргэдэд хэрэгтэй зүйлсийг нь авч, эхнээсээ хүргэж өгчээ. Хоол хүнс, гурил будаанаас эхлээд хүрз, зээтүү, галын үлээгүүр гэхчлэн дутуу болгоныг нь гүйцээхийг хичээж байна. Фэйсбүүкийн найзууд нэгдээд хэдэн гулууз мах шуузлан хүргэж ч байх шиг. Сэтгэлд  гэгээ татам мэдээллүүд хөвөрч байна. Түймэр түйтгэрийг эргэх нэрээр хэдэн дарга нар хөдөө тийш давхилдан, уран сайхны бололтой зураг авхуулж,  хэвлэлийн хуудсыг чимэх нь хүртэл гантай жилийн нэгэн өнгө гэлтэй.

Саард ч сайн тал бий гэдэгчлэн монголчууд бид нийлж нэгдэж чаддаг гэдгээ хараад,  баясаад авлаа. Харин хүн бүрийн хичээл зүтгэл орсон тэрхүү сэтгэлийн дэм эзнээ олж очоод, эргээд хэрэглэх зүйлс болоосой гэсэн бодол эрхгүй төрнө. Түймрийн голомтод ажиллаж буй хүмүүст үнэндээ хүний санаанд орохооргүй зүйлс ч ядмаг дутмаг байдаг юм байна. Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн эхэнд гарсан түймрийг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгчид, нутгийн иргэдтэй уулзахаар очих үед сумын сургуулийн ажилсаг бүсгүйчүүд тогоо дүүрэн цуйван хутгаж байхтай таарсан юм.  Тэнд ажиллаж буй 30 орчим хүнд хоолоо хийж хүргэх нэг удаагийн сав суулга дутмаг байгааг бүсгүйчүүд хэлж байлаа. Нэг удаагийн тавгийг нэг хэсэг удаа хэрэглэж байгаагийн сацуу аяга дутсан хүмүүст гялгар уутанд хийж өгч байв. Тиймээс түймрийн голомт руу аяга таваг, сэрээ халбага гэхчилэнг дөхүүлж өгөхөд илүүдэхгүй юм билээ.

Бас нэгэн зайлшгүй хүргэх зүйл бол эм, тариа. Түймрийн голомтод 20 гаруй хоносон байгаль орчны байцаагчийн хоолой утаа угаар, халуун хүйтэн харшсанаас таг сөөсөн байлаа. Угаарын хийнд цохиулснаас хүмүүсийн толгой байнга өвдөх болжээ. Гэтэл тэнд эм авч очсон хүн бараг байсангүй. Анагаахын оюутан залуу  халааслаж очсон эмээ ширхэг ширхгээр нь хүмүүст  өгсөн юм. Тиймээс эмч, мэргэжилтнүүд түймрийн голомтыг зорьж, олон хоног ажиллан хордлогод орсон хүмүүст тариа дусал хийж, өвчин намдаах, зовиур арилгах эмээр үйлчилмээр санагдсан.

Нөгөөтэйгүүр, 30 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Энэ их  мөнгө талх тариаханд зориулагдаад өнгөрөх бус  хэд хэдэн сумыг түймэр унтраах багаж хэрэгсэлтэй болгоход зориулаасай.  Айл өрх, албан байгууллага бүр гаднаа түймэр унтраах багаж хэрэгсэл, үгүйдээ л төмөр хувин бэлддэг байсан үе бий. Хуучин цагтай хамт хуучран одсон тэр зуршлыг сэргээхэд буруудах зүйлгүй нь түймрийн бэлэн байдлаас харагдаж байлаа. Зориулалтын багаж дутмагаас модны мөчир хугалан галыг нь цохиж, ундаа усны хуванцар саваар ус зөөн гүйлдэх нь дэндүү ядмаг харагдсаныг нуугаад яах вэ.

Ой хээрийн түймэр шинэ үзэгдэл огтоос биш. Жилийн жилд хаа нэгтээ түймэр түйтгэр тарьж, түүнийг нь унтраах гэж бүхэл бүтэн арми ажиллаж байдаг. Гэтэл галын эсрэг тэмцэгч армийнхан өнөөг хүртэл нэг  ч нисдэг тэрэг онгоцгүй нь төр нь бодлогогүйнх үү, хариуцсан алба агентлаг нь санаачилгагүйнх үү. Улсаараа галд автаж байж ухаарч сэхээрдэг манайх шиг улс олон биш болов уу. Онцгой байдлын албаны нэр дээрх ганц нисдэг тэргийг нь УИХ-ын нэгэн гишүүн унагаж хаячхаад  алга болсон. Түүнтэй хариуцлага тооцож, хохирлоо барагдуулсан эсэхийг бүү мэд. Ямартай ч их түймрийн сургаар түймэр унтраах зориулалтын онгоцтой болох сурагтай. Гэвч онгоц байлаа ч нисгэгч нь байхгүй гэх инээдэм гэхэд багадам юм яриад сууж байна, бид. Гантай зуны араас халуун хуурай намар айсуй. Амарч зугаалах нэрээр гал тавьж, түймэр дэгдээдэг хүмүүсийг олж тогтоодог, хариуцлага тооцдог болох цаг хэзээ вэ. Хэнд ч мэдэгдэлгүй, ямар ч ул мөр үлдээлгүйгээр түймэрдчихээд байдаг юм бол монголчууд бүгдээрээ гэр хорионд орох л үлдсэн гэсэн үг үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж