Улсын хэмжээнд 22 газарт ой хээрийн түймэр гарсантай холбогдуулан ОБЕГ-ын албан хаагчид цаг наргүй ажиллаж буй. Энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ой хээрийн түймрээс болж хэчнээн хэмжээний хохирол учирсан бэ. Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Улсын хэмжээнд он гарснаас хойш 145 ой хээрийн түймэр гарсан. Үүнээс одоогийн байдлаар 22 /өчигдөр буюу долдугаар сарын 16-ны байдлаар/ түймэр асч, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, иргэд унтраахаар ажиллаж байна. Эхний байдлаар Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан таван түймрийн нэгийг цурманд оруулсан. Түймрийн нөхцөл байдлыг авч үзэхэд хэт халалт, хуурайшилттай байгаагаас хөрснөөс халах, хүчтэй аадар бороо орсны улмаас аянга буух зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа ч дийлэнх нь ард иргэдийн хариуцлагагүй, санамсар, болгоомжгүйгээс их хамаарч байна. Ард иргэд ногоон байгууламжид аялж, амрахдаа аюулгүй байдлаа хангах, ил задгай гал тавихгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна. Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын нөхцөл байдал хүндэрсэн ОБЕГ-ын албан хаагчид иргэдтэй хамтран шуурхай арга хэмжээ авч, тархалтыг зогсоож хэвийн болгосон. Урьдчилсан байдлаар байгаль экологид 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Энэ 22 түймрийн га талбай хэр хэмжээгээр үнэлэгдэх вэ зэрэг хохирлын хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байна.
-Долдугаар сарын 11-нд Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймрийг тав хоногийн дараа унтраасан нь цаг алдсан гэдгийг зарим хүмүүс хэлж байна. Яагаад ингэж цаг алдах болов?
-Ер нь бол хэт их халалттай байгаагаас аврагч нар түймрийн голомтод ажиллахад маш хүнд байна. Усаа хамгийн багадаа 5-10 км-ийн зайнаас зөөвөрлөх, тухайн бус нутагт усан хангамж байхгүй байх зэрэг шалтгаан нөлөөлж байна. Гэсэн хэдий ч мэргэжлийн байгууллагуудаас усан хангамж авч ажиллаж байна. Түүнээс гадна хуурайшилт маш ихтэй, салхины хүч зарим газарт түймэр дэгдээх эрсдэл байгаа учраас Зэвсэгт хүчний анги салбарыг зарим түймрийн бүст ажиллуулж байна. Аврах тусгай ангийн албан хаагчдийг нисдэг тэргээр хүргэх, цэрэг дайчдыг түймэрт дайчлах зэрэг ажлуудыг зохион байгуулалт хийн ажиллаж байна.
-ОХУ-аас түймэр унтраах нисдэг тэрэгний тусламж хүссэн ч хариу ирээгүй байна. Энэ нисдэг тэргийг онцгой нөхцөлд ашиглах шугамаар түрээсэлж авах уу, эсвэл худалдаж авахаар яригдаж байгаа юу?
-Эхний ээлжид ОХУ-д онцгой нөхцөлд МИ-8 загварын таван тоннын багтаамжтай нисдэг тэргийг ашиглан ой хээрийн түймэр унтраах саналаа тавьсан. ОХУ-ын зүгээс нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэдгээ ч мэдэгдсэн. Албан ёсны шийдвэр өнөөдөр /2017.07.17/ ирнэ. Ер нь бол онцгой байдлын тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулах зайлшгүй шаардлага бий болсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадны тусламж, санхүүжилтээр техник, тоног төхөөрөмжөө сайжруулах, хамгаалалтын хэрэгслээ нэмэгдүүлэхэд бид анхаарч ажиллаж байгаа. Ялангуяа ойн түймрийг агаараас унтраах нисдэг онгоц зайлшгүй шаардлагатай байгаа. Үнэ өртгийн хувьд өндөр үнэтэй байдаг. Ирэх жилийн төсөвт суулгах замаар энэ асуудлыг шийдвэрлэхээр яригдаж байгаа.
-Иргэд, аж ахуй нэгжүүдээс мөнгөн хандив их ирж байгаа. Энэ хандивын мөнгө болон тодорхой хэмжээний зардлыг улсаас гаргаад эхний ээлжинд агаараас түймэр унтраах онгоц, нисдэг тэрэг авах боломж байна уу?
-Онцгой комиссын дарга, Шадар сайдын зүгээс агаараас түймэр унтраах асуудалд онцгой анхаарч байгаа. Ард иргэдээс ирүүлсэн хандивыг эхний ээлжинд ОБЕГ-ыг бага оврын ч гэсэн тээвэрлэх, зөөвөрлөх чадвартай онгоцтой болох тал дээр хөрөнгө төвлөрүүлэхээр яригдаж байгаа. Монгол орны нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь ой хээрийн бүс байдаг. Ойн түймэр ихэвчлэн ойн гүнд гардаг учраас машин техник очих боломжгүй тохиолдолд олон бий. Бүр мориор ч очих боломжгүй хадтай газар байдаг. Ийм үед зөвхөн явганаар очих, үүндээ 2-3 өдөр зарцуулах тохиолдол ч байдаг. Тийм нөхцөлд зайлшгүй нисдэг тэрэг, онгоцоор галыг унтраах, очих боломжтой. Иргэдийн зүгээс бэлэн болон бэлэн бусаар 300 орчим сая төгрөгийн хандив цугласан байгаа. Мөнгөн хандивыг бол нисдэг онгоц, нисдэг тэргэнд зарцуулах бодлоготой байгаа. Бусад зүйлсийг гамшгийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдад хүргүүлж байна.
-Агаараас түймэр унтраах онгоц, нисдэг тэрэг ямар үнэтэй байдаг вэ?
-Хүчин чадлаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Тухайлбал, МИ-8 онгоц гэхэд ашиглаж байсан нь 5-10 сая ам.доллар байдаг бол шинэ нь 15-20 сая ам.доллар байдаг. Европын орнуудад ийм төрлийн онгоц, нисдэг тэрэг илүү өндөр өртөгтэй байдаг. ОХУ, Монгол улсын Засгийн газар хоорондын хил орчмын түймрийн үед хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын яаманд хүсэлт тавьсан байгаа.
–Нисдэг тэрэг, онгоц авсан тохиолдолд түүнийг жолоодох, ашиглах, засварлах гэх мэт боловсон хүчин бэлэн байгаа юу?
-Бид энэ талаар судалж байна. Зэвсэгт хүчний 303-р анги дээр хоёр нисдэг тэрэг бэлэн байгаа. Түүний ашиглаж, дөрвөн тоннын багтаамжтай танкийг ашиглах боломжтой. Бид эхний ээлжинд тонн ус тээвэрлэх багтаамжтай танкийг худалдаж аваад нисдэг тэргээр түймрийг унтраах боломжтой. Түймрийн нөхцөл байдалд агаарын тээвэр ашиглах туршлагатай нисгэгч байхгүй, туршлага ч байхгүй. ОХУ-ын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн учраас бид нисгэгчдээ туршлага судлах, сургах боломжтой болно.
-Ой хээрийн түймрийн үед автомашин, тээврийн хэрэгсэл хүрэх боломжгүй үе олон бий. Ялангуяа манайх шиг байгалийн тогтоцтой газар. Өмнө нь ОБЕГ-ын зүгээс агаараас түймэр унтраах онгоц, нисдэг тэрэг авах хүсэлт гаргаж байсан уу, Засгийн газарт?
-Онгоц болон бусад техник, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлыг бид өмнө нь тавьж байсан. Тухайн үед улсын эдийн засаг хүндрэлтэй байсан учраас өдийг хүртэл хойшлогдсон асуудал бол бий.
-Иргэд болон зэвсэгт хүчний байгууллагыг түймэр унтраахад дайчлах шаардлагагүй гэдэг тайлбар өгч байгаа. Гэтэл иргэдийн зүгээс түймэр унтраах хүсэлт их гаргаж байна шүү дээ?
-Ой хээрийн түймэр бол амаргүй ажил. Иргэд санаачилгаараа түймэр унтраахад оролцох санаачилга гаргаж байгааг талархаж хүлээж авч байна. Гэхдээ жирийн иргэд хамгаалалтын хувцас, багаж хэрэгсэлгүй, гал унтраах тактик, техник эзэмшээгүй хүнд нөхцөлд өөрсдөө түлэгдэх, бэртэх эрсдэл маш өндөр. Хоёр жилийн өмнө Сүхбаатар аймагт гарсан түймрийн үеэр жирийн иргэн гараа галд хайруулсан бодит жишээ байна. Тиймээс төр ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс түймрийн голомтод, түймэр унтраах үйл ажиллагаанд иргэдийг оролцуулахгүй байгаа. Харин түймэрт ажиллаж байгаа албан хаагчдад ус, хоол хүнс, багаж хэрэгслийг дөхүүлж өгөх зэрэг ажилд иргэдийг дайчилж ажиллахад бэлэн байгаа.
-Түймрийн үеэр хүний амь эрсэдсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж байсан. Энэ үнэн үү?
-Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт 200 гаруй залуус очиж ажилласан. Гэхдээ түймрийн үеэр иргэний амь нас эрсэдсэн зүйл гараагүй. Сайн дураар очсон иргэд ОБЕГ-ын удирдлага дор зөвхөн түймрийн ус зөөх, ус дөхүүлэх ажиллагаанд хамтран ажилласан. Иргэдийг гал унтраах ажиллагаанд оролцуулахгүй, харин ус зөөх ажилд дайчилж ажиллаж байгаа. ОБЕГ-ын албан хаагчдаас ч эрүүл мэнд нь доголдсон, хүндэрсэн гэсэн мэдээлэл байхгүй байна. Албан хаагчдын эрүүл мэндэд анхаарах, амин дэм баялаг вакцин, тэжээллэг хоол хүнсээр хангах асуудал чухал байгаа.
-Ой, хээрийн түймрийн 70-80 хувь нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж та хэлж байна. Үнэхээр иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болсон бол тухайн иргэдийн олж тогтоосон тохиолдолд хариуцлага тооцох арга хэмжээ нь юу байдаг вэ
-Сүүлийн 10 гаруй жилийн судалгаагаар хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болсон нь харагдаж байгаа юм. Цаг уурын дулаарал, хэт халалт, хуурайшилттай ч холбоотой. Гэхдээ дийлэнхдээ иргэд амралт, зугаалгын улирлаар ногоон бүсэд зорчих, амрах үеэд ил задгай гал гаргах, тамхины ишээ унтраахгүй хаях, архины шилээ хээр хаях тохиолдлуудаас үүсч байгаа. Мөн хууль бус хулгайн анчдын буунаас болж гал гарах тохиолдол ч бий. Цагдаагийн ерөнхий газрын даргын мэдээллээр ой хээрийн түймэртэй холбоотой дөрвөн холбогдогч эзнийг тогтоон шалгаж байгаа гэдгийг хэлж байсан.
Ш.ЧИМЭГ