2050 онд биднийг юу хүлээж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

2050 онд биднийг юу хүлээж байна вэ?

Америкийн “Forbes” сэтгүүлээс жил бүр тодруулдаг хамгийн их ашиг, орлоготой ажилласан алдартай хосуудын энэ оны жагсаалтыг хөгжмийн ертөнцийн сайхан хосууд гэгддэг дуучин Бейонсе, рэппэр Jay-Z нар тэргүүлжээ.

 

Тасралтгүй өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амыг багтаах газар нутаг, цөмийн эрчим хүчний ирээдүй хэрхэх эсэх, баян ядуугийн хооронд үүссэн ангал гээд хүн төрөлхтний өмнө тулгамдсан олон асуудал бий. Ганц нэгийг дурдахад л ийм…

Ирээдүйд тэгвэл биднийг юу хүлээж байна вэ? Өнөөдрөөс цааш 30 жилийн дараа г дэлхий нийтийн зайлшгүй шийдвэрлэх тулгамдсан асуудал юу байх бол..? Урьдаас мэдэж, мэдэмхийрэх боломжгүй ч шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн трэнд болсон зүйлсээс шижим авч болно.


 

ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТ

Генийн инженерчлэл хүний ДНК-г засварлах хэмжээнд хүртлээ хөгжсөн нь эрдэмтэн, судлаачдыг талцуулж байна. ДНК дахь удамшлын өвчин, хорт хавдар, согогийг генетекийн аргаар засварлах боломжтой Crispr гэх нээлт өнгөрсөн 2016 оны шинжлэх ухааны салбар дахь хамгийн том ололт гэгдэж байгаа.

Мэдээж сайхан сонсогдож байгаа ч хар бараан талыг нь тоохгүй орхиж боломгүй. Хүн, амьтны цаанаас заяагдсан төрөлх байдлыг өөрчлөх нь байгалийн хуулийг зөрчсөн, ёс зүйгүй асуудал гэх шүүмжлэл байнга дагалддаг. Яваандаа “хүүхэд зохион бүтээх ажиллагаа” газар авч, өөрийнхөө хүссэнээр оюун ухааны чадамжтай, эсвэл бие физиологийн давуу шинж агуулсан хүүхэд үйлдвэрлэх явдал газар авч болзошгүй. Аль нэг лаборатори, их сургуулийн судалгааны танхимд, эсвэл чинээлэг корпорацийн байранд бидний ДНК-г засварлах гээд сууж байдаг үйлчилгээ дэлгэрч магадгүй. Бүр өндөр, нам зэрэг удамшлын шинжтэй мэдээллийг ч засварлах боломж бүрдсэн нь нөгөө талаас эмээх ёстой зүйл болж байна.

ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ НАСЖИЛТ

Дэлхийн хүн ам хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаагаас гадна насжилт ч мөн уртассаар байгаа. Сайхан хэрэг. Гэхдээ ахмад настнууд илүү их анхаарал, халамж шаардана. 2100 он гэхэд 100 настнуудын тоо одоогийн 500 мянгаас 50 дахин нэмэгдэж, 26 саяд хүрнэ гэсэн эрдэмтдийн тооцоолол бий. Их Британи, Япон, Хятад зэрэг улсад хүн амын талаас багагүй хувь нь 65-аас дээш насныхан болно.

Тиймээс ойрын 30-аад жилд дэлхий нийт энэ асуудалд бэлтгэх шаардлага гарна. Ахмад настнуудыг асарч сувилах хамгийн төгс аргыг олж хөгжүүлэх хэрэгтэй. (Тухайлбал, япончууд тэр чиглэлд робот хөгжүүлж байгаа). Түүгээр ч зогсохгүй улс орнууд хөдөлмөрийн насны иргэдийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд шилжих хөдөлгөөн, цагаачлалын асуудлаарх бодлогоо өөрчлөх шаардлага урган гарна. Зарим тохиолдолд төрөлтийг зохицуулах бодлого ч баримталж болзошгүй.

 

СӨНӨСӨН ХОТУУД

Дэлхийн хотууд XXI зуунд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг бэлхнээ харж болно. Далай, тэнгисийн усны төвшин тасралтгүй нэмэгдэж, зарим хотууд устаж үгүй болох аюул хэдийн нүүрлэсэн. Энэ байдал цаашид даамжирч, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гудамж талбай усанд автах нь энгийн үзэгдэл болно. Үүнийг дагаад байшин барилгын хийц, загвар өөрчлөгдөнө. Далайн эрэг дагуу босгосон өндөр өндөр далан, хана хэрмээс гадна хотын барилгуудын нэгдүгээр давхар одоогийнхоос хамаагүй өндөрт байрладаг болно. Гэвч эдгээр нь ердөө өнгөлөн далдлалт.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол Бангладеш зэрэг нам дор газар байрладаг хот, арал устаж үгүй болох аюултай. Тэдгээр бүс нутаг дахь эдийн засгийн байдал хүндэрч, “уур амьсгалын цагаачид” эрс нэмэгдэнэ.

Бусад хотууд дахь хүн амын нягтшил үлэмж нэмэгдэнэ. Улмаар дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, эдийн засгийн байдал тартагтаа тулах эрсдэл бий болно.

СОШИАЛ МЕДИАГИЙН ХУВЬСАЛ

Эрдэмтэн, судлаачид хэзээ ч нэгдсэн нэг ойлголтод хүрч байгаагүй ч СОШИАЛ МЕДИА бол дэлхийн хүн төрөлхтний харилцаа, холбооны салбар дахь хамгийн том дэвшил гэгддэг. Хүн төрөлхтөн зөвхөн сошиал медиагаас мэдээлэл авдаг цаг үе хүссэн, хүсээгүй ирнэ. Тэгвэл, 30 жилийн дараах сошиал медиа ямар байх вэ? Ямар аюултай, эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болох вэ?

Хэн нэгний хувьд хувийн орон зай гэж байхгүй болно. Одоо ч хэдийн бий болоод эхэлчихсэн асуудал. Үүнээс гадна цахим орчинд бусдыг доромжлох, дээрэлхэх байдал газар авна. Дэлхийн даяар олон арван төрийн бус байгууллага, сайн дурынхан интернэт троллуудтай тэмцэх аян эхлүүлсэн ч хууль, хяналтын байгууллагууд болон сошиал медиа компаниуд энэ байдлыг засаж сайжруулах, эсвэл улам бүр дордуулах эсэх нь эргэлзээтэй.

Мэдээллийг ялгаж, салгахад ч бэрх болно. Fake news энэ мэтээр үргэлжилж, улам бүр даамжирсаар байвал хүмүүсийн дэлхий нийтийг харах хандлага ихээр өөрчлөгдөнө. Хэрэв хэн нэгэн хэдэн сар, жилээр дандаа баталгаат бус эх сурвалжийн мэдээллээр хангагдаад байвал аливааг дэнслэх чадвартай, иргэншсэн нийгмийн талаар бодоод ч хэрэггүй.

ГЕОПОЛИТИКИЙН ШИНЭ ХЯМРАЛ

Дэлхийн геополитикийн тэнцвэрт байдал угаас хэврэг байгаа. Тиймээс ирэх хэдэн жилд байдал хэрхэн өрнөх нь асуултын тэмдэг үлдээж байна.

Хойд Солонгос пуужин харваж, үймээн самуунаас дайжсан мянга мянган цагаачид хууль бусаар хилийн шугам давсаар л байна. Хакерууд бусад улс орны сонгуулийн үйл явцад нөлөөлж, дэлхий даяар үндсэрхэг үзэл санаа түгэн дэлгэрч байна.

Хойд Солонгосын тааварлашгүй алхам, Сирийн дүрвэгсдийн цуваа, Британи Европын холбооноос салан тусгаарлах үйл явц гээд нийтлэг дипломат ёс цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болж магадгүй.


 

БАЙГАЛИЙН НӨӨЦ ШАВХАГДАШГҮЙ БИШ

Шинэ үеийн техник, технологи, тоног төхөөрөмж байгалийн ховор металын нөөцтэй шууд холбоотой. Дундаж ухаалаг утасны “найрлага”-д 60 гаруй төрлийн ховор метал ордог гээд бодохоор манай гаригийн байгалийн нөөц шавхагдаж дуусах аюул ойрхон байгаа.

Ховор металын 90 орчим хувь нь илэрсэн Хятад улс гэхэд ирэх 20 жилийн хугацаанд нөөц нь шавхагдана гэгдэж байна.
 

ХЭТ УХААНТНУУД

Кофе ч бай эсвэл илүү хүчтэй модафинил зэрэг эмийн бодис хэрэглэж тархины хүчин чадлыг нэмэгдүүлэх, сэргээх нь одоо цагт хэвийн зүйл болсон. Гэхдээ хөгжил дэвшилд хөтлөгдсөн эрин зуунд бид тархиа ажиллуулахаас илүү ухаалаг утсандаа найддаг болчихсон.

Харин хэдэн арван жилийн дараа тархины ажиллагаа, сэтгэх чадварыг одоогийн боломжит хамгийн өндөр төвшнөөс илүү түргэсгэдэг эм, бэлдмэл гарахыг үгүйсгэх аргагүй. Энгийн хүний анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх технологийн нэмэлт суулгацууд ч гарч болно. Энэ мэт туршилтууд хэдийн хийгдээд эхэлчихсэн.

Гэтэл хамгийн гол асуудал нь, тэдгээр эм бэлдмэл, суулгацыг олж авч чадахгүй, чадамжгүй хүмүүс яах вэ? Тэнцвэрт бус байдлыг улам нэмэгдүүлж, баян чинээлэг хүмүүс хөрөнгөө улам зузаатгах боломжийг олгох уу?

Түүнээс гадна хууль, эрх зүйн болоод ёс зүйн асуудал ч үүнд яригдана. Шалгалтын өмнө аяга кофе уухад хэн ч дургүйцэхгүй, хориглохгүй. Гэтэл шалгалтдаа ямар нэг байдлаар ухаантай болгодог суулгац эсвэл эм бэлдмэл хэрэглэе гэвэл яах вэ?

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж