Төрийн эргэлт Туркийг хэрхэн өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Төрийн эргэлт Туркийг хэрхэн өөрчлөв

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өнөөдөр 17.00 цагт “Цагаан дариум” арт галлерейд бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна.

Туркийн парламент Үндэсний баяр наадам, амралтын өдрүүдийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, долдугаар сарын 15-ны өдрийг “Үндэсний эв нэгдэл, ардчиллын өдөр” хэмээн зарлан тунхагласан билээ. Энэ өдөр Туркийн ард түмэн 2016 онд бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн үймээнээр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэлээ.

Хэдийгээр энэхүү түүхэн өдрийн “Ардчиллын өдөр” хэмээн нэрлэж байгаа ч Туркийн ард түмэн ардчилсан бус нөхцөлд аж төрж байна. Учир нь, төрийн эргэлт бүтэлгүйтсэнээс хойш Ерөнхийлөгч Эрдоган онц байдлыг улс даяар зарлаж, энэ дэглэм өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Мөн улс орон даяар зарласан онц байдлыг ойрын хугацаанд цуцлах эсэх тодорхойгүй байгаа ажээ. Ийнхүү Туркийн улс төр, нийгмийн тогтворгүй байдал нь эдийн засагт нь шинэчлэл хийх боломж олгохгүй байна. Энэ байдал ойрын хоёр жилдээ үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Туркийн ард түмэн 2019 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар улс орныхоо хувь заяаг шийднэ.

“Урт шөнө”-ийн дараах улс төр

 2016 оны долдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Туркийн түүхэнд хамгийн урт шөнө хэмээн тэмдэглэгдэн үлдэв. Харин долдугаар сарын 16-ны өглөө Туркийг шинэ нөхцөл байдал угтсан юм. Бүтэлгүйтсэн төрийн эргэлт Туркийн хөгжлийг бүхэлд нь орвонгоор нь эргүүлж орхисон ажээ. Үүний ачаар, Ерөнхийлөгч Эрдоган 2011 онд эхлүүлсэн “Ерөнхийлөгчийн засаглал”-ыг дэмжүүлэх замд тулгарч байсан саад тотгорыг арилгаж чадсан юм.

Туркийн түүхэнд сүүлийн тавин жилийн хугацаанд цэргийхэн хэд хэдэн удаа төрийн эргэлт хийхийг оролдож байсан удаатай. Үүний дөрөв нь буюу 1960, 1971, 1980, 1997 оны төрийн эргэлтүүд амжилт олсон түүхтэй. Харин өнгөрсөн жил Туркийн ард түмэн Ерөнхийлөгчөө хамгаалан, гудамжид гарч, цэргийнхний эсрэг боссон нь төрийн эргэлтийг бүтэлгүйтэхэд хүргэсэн ажээ. Энэ нь Туркийн Ерөнхийлөгч Эрдоган ард түмнийхээ дунд маш их нэр хүндтэй гэдгийг харуулсан үйл явдал болсон юм.

Ард түмнийхээ дэмжлэгийг авсан Эрдоган 2016 оны долдугаар сарын 20-нд улс даяар онц байдал зарласан. Онц байдал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ нь Эрдоган болон түүний нам сөрөг хүчнээсээ салах хууль эрхзүйн үндэслэл болсон ажээ. Улмаар Эрдоган төр засагт монополь эрх тогтоож, сөрөг хүчнийхэнийг баривчилж, олон нийтийн байгууллагыг хааж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан юм. Өөрөөр хэлбэл, ардчилсан зарчмаар сонгогдсон удирдагчид ардчиллыг боомилсон дэглэмийг тогтоох боломж олдсон гэж судлаачид дүгнэж байна. 

2019 сонгуулийн өмнөх кампанит ажил

 

Туркийн ард түмэн “Супер-Ерөнхийлөгч”-ийн засаглалыг дэмжих ёстой. Ингэсэн цагт Эрдоганы “ардчилал”-ын ялалт баталгаажих учиртай юм. Мөн тэр шинэ үндсэн хууль ёсоор дахин хоёр удаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Эрдоган бүрэн эрхийнхээ хугацааг 2029 он хүртэл сунгах боломжтой юм.

 

Энэ зорилгодоо хүрэхийн тулд Эрдоган болон түүний нам ардчиллын эрх чөлөөг хязгаарлаад зогсохгүй суртал ухуулгыг дэвэргэж, нийгэмд туйлшралын уур амьсгалыг бий болгож байна. Үүнийг Туркийн зүүн өмнөд нутагт болж буй турк болон курдын зэвсэгт хүчний мөргөлдөөн, террорист бүлэглэлийг идэвхжилээс улбаатай олон хүн амиа алдаж байгаагаас харж болох ажээ.

 

Хэдийгээр Турк улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгыг явуулж, Эрдоганы ялалтаар дууссан ч сөрөг хүчнийхэнд ч гэсэн найдвар төрүүлсэн юм. Учир нь, нийт ард түмний 95 хувь нь оролцсон санал асуулгад 51 хувь нь Эрдоганы дэглэмийг дэмжсэн бол 48 хувь нь түүний эсрэг зогссон үзүүлэлт гарчээ. Өөрөөр хэлбэл,  ард түмний 48 хувь нь сөрөг хүчнийг дэмжиж байна гэсэн үг юм. Үүнийг сөрөг хүчний нам ашиглан 25 өдрийн “Шударга ёсны төлөөх марш” санаачилж, Анкарагаас Стамбул хүртэл ардчиллын эрх чөлөө, улс даяар зарласан онц байдлыг цуцлахыг шаардаж алхсан удаатай. Энэ акц олон сая хүний анхааралд өртөж чадсан. Улмаар Туркийн сөрөг хүчний нам 2019 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор зарласан. Харин хэн Эрдогантай өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудлаар сөрөг хүчний нам бусад жижиг намын удирдлагуудтай хэлэлцээр хийж байгаа ажээ.

 

Ойрын хоёр жилийн хугацаанд өрнөх Туркийн улс төрийн дотоод болон гадаад дахь нөхцөл байдал тус улсын дараагийн арван жилийг шийдвэрлэх юм. Харин энэхүү тогтворгүй байдал Туркийн эдийн засагт ямар ч ашиггүй байна.

 

Эдийн засгийн хуйлрал

Өнгөрсөн жилд бүтэлгүйтсэн төрийн эргэлт, одоогийн улс төрийн тогтворгүй байдлын улмаас Туркийн эдийн засаг түүхэнд байгаагүй хэмжээгээр доройтож байна. Ард түмний худалдан авах чадвар буурч, үндэсний валют уналтад орж, жуулчид 30-40 хувиар эрчимтэй буурч байгаа ажээ. Үр дүнд 2015 онд 6.1 хувьтай байсан ДНБ 2016 онд 2.9 хувь болтлоо буурав. Мөн 2017 оны эхэнд залуучуудын 24 хувь нь ажилгүй байна гэсэн үзүүлэлт Туркийн эдийн засгийн түүхэнд бичигдэв.

 

Эдийн засаг нь доройтох болсон шалтгаан бол улс төр, цэргийн салбарт хийгдсэн цэвэрлэгээ юм. Исламын номлогч Гюлен болон түүний “Хизмет” байгууллагыг төрийн эргэлт зохион байгуулсан гэж буруутгаж, тэдэнтэй холбоотой бүх бизнесийг хаав. Мөн төрийн эргэлтэд хамааралтай гэх үндэслэлээр 100 мянган хүнийг Засгийн газрын тушаалаар ажлаас нь халжээ. Үүний зэрэгцээ, Туркийн 500 гаруй компанийг нэгтгэсэн “Бойдаз холдинг”-ийн эздийг Гюлены хөдөлгөөнтэй холбоотой хэмээн буруутгаж, баривчилсан. Харин тус холдинг Засгийн эрх барьж буй намд ойр хүмүүсийн гарт шилжүүлсэн билээ. Өнөөдөр “Бойдаз холдинг”-ийн эзнээр Туркийн парламентын ахлах зөвлөх асан Йылмаз Шенер ажиллаж байна. Энэ мэт сүүлийн нэг жилийн хугацаанд зуу гаруй компани сүйрэв. Үүний улмаас Эрдоганы дэмжигчид дотор эсэргүүцэгчид бий болж эхэлжээ.

 

Эрдоган Туркийн Ерөнхий сайд байх үед эдийн засаг нь эрчимтэй өсөлтийг  үзүүлж байсан нь түүний гол амжилт. Иймээс тэрбээр эдийн засагт хэд хэдэн шинэчлэл хийж, 2017 оны эхний хасагт тодорхой хэмжээний эерэг үзүүлэлт ажиглагдаж эхэлсэн. Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан бүх нийтийн санал асуулгын дараа улс төр, нийгмийн байдал тогтвортой болно гэж үзэж байсан ч бүтэлгүйтэв. Учир нь, ард түмний 48 хувь нь сөрөг хүчнийг дэмжсэн нь тэдэнд найдвар төрүүлж, улмаар сөрөг хүчин сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэн, тогтворгүй байдал үргэлжлэв. Үүний улмаас Туркийн эдийн засагт шинэчлэл хийх боломж олдохгүй байна.

 

Туркийн улс төр, эдийн засгийн хуйлрал 2019 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. Төр засгийн эрх мэдэл Эрдоган эсвэл сөрөг хүчинд бүхэлдээ ирсэн тохиолдолд улс орны тогтвортой байдал хангагдана. Гэхдээ тогтвортой байдал нь ардчилал уу? эсвэл авторитар уу? гэдгийг Туркийн ард түмэн 2019 онд шийдвэрлэх учиртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж