Адуу, араас нь монгол хүнд стандарт тогтоох уу?

Хуучирсан мэдээ: 2017.07.16-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Адуу, араас нь монгол хүнд стандарт тогтоох уу?

Адуу, араас нь монгол хүнд стандарт тогтоох уу?

Баян-Өлгийд өөр аймгийн харъяат арсланг барилдуулаагүй талаарх гомдол наадмын өдрүүдэд гарсан ч албан сурвалжууд мэдээлэл өгсөнгүй. Харин үүнтэй ижил төстэй явдал хурдан морины уралдаанд үйлчилсэн нь Шадар сайд У.Хүрэлсүхийн “эх оронч” шийдвэр байв. Судалгаа, шинжилгээгүй шуудхан хийсэн хуурай шийдвэр наадмын хурдын морьдын уралдааныг ёстой “хуйхлав”.

Бушуу туулай борвиндоо…

Монгол цустай, цөстэй олонд таалагдах гэж гаргасан энэ шийдвэрээр улсын наадам маань аймаг, сумдынхаас нэг их илүү гарсангүй. Гарааны зурхайд гарахаас өмнө гийнгоолох цовоо сэргэлэн унаач багачууд хэдэн зуугаараа нүдэндээ нулимстай хоцорч, хэдэн сараар хөлсөө дуслуулан хөдөлмөрлөсөн уяачдын ажил талаар болох нь тэр.

Монгол адууг шинжлэх тусгай комисс гаргаж,

Даага

  • 282 бүртгүүлснээс 71

Шүдлэн

  • 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ

Хязаалан

  • 304 бүртгүүлснээс 153

Соёолон

  • 256 бүртгүүлснээс 128

Азарга

  • 172 бүртгүүлснээс 98

Их нас

  • 303 бүртгүүлснээс 252 нь шалгуур хангаж, гарааны зурхай руу хөдөлсөн. Зургаан насанд нийт бүртгүүлсэн хурдан морьдоос 1571 хурдан хүлгээс ердөө 761 нь гарааны зурхайгаас гарсан гэсэн үг. Гарааны зурхайгаас гарсан морьдоос дааганд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Бат-Эрдэнийн хүрэн даага, аман хүзүүдсэн Баянхонгор аймгийн уяач Д.Ганболдын хонгор даагыг сэрвээний өндөр илүү гэсэн шалтгаанаар бас л хасав. Уяачдын жилийн хөдөлмөр талаар өнгөрсөнд харамсч, хэд хэдэн манлай уяач галаа орхин нүүхээр гэрээ буулгасан ч уужуу ухаанаар больжээ. Гэхдээ л тэд гомдолтой хоцорсон.

Жижиг л бол монгол адуу юу?

Энэ асуултыг шийдвэр гаргагчдаас асуумаар санагдсан. Эрлийз адууг уралдуулахгүй байх нь үндэсний нийтлэг эрх ашгийг харгалзан үзэж жирийн монгол адууг уралдуулах гэсэн нийтлэг шийдвэр байхыг үгүйсгэхгүй. Тийм ч биз. Гэхдээ энэ удаагийн наадмаар Монгол адуу ч стандарт тогтоосон өндрөөс илүү гараад хасагдсан тохиолдол бишгүй гарсан. Гол нь гарал, угшлыг нь огт хэрэгсэхгүйгээр шууд л нэг өндөр тавиад хасах нь арай л муйхар арга мэт. Адуучин хүн сүргийн сайныг шилж, угшил сайтай азарганы унага авчирч тавьдаг нь жирийн ёс. Мэдээж хамгийн сайн гэснээ тавьж буй учраас хурд, хүч, тэнхээ нь нэмэгдэн, илүү өсгөлүүн болох нь дамжиггүй. Тийм ч болж байгаа. Ийм л шалтгаанаар олон монгол адуу наадмаар хасагдсан. Монгол адууны удам, үүлдрийг сайжруулсан олон уяачид үүнээс болж хохирлоо. Хариуцлагыг нь хэн үүрэх бол оо! Одоо эргээд жижиг азарга тавих жишиг тогтох уу?

1990-ээд оны дунд үед урд хөршийнхөн зөвхөн бүдүүн ширхэгтэй ноос иргэдээс өндөр үнээр худалдаж авсны уршгаар олон арван жил хөөцөлдөн байж гаргаж авсан нарийн ноостой үүлдрээр малчид хуц тавихаа больж, бүдүүн ноостой хуц тавих болсон нь дэлхийд Хятадтай өрсөлдөх нарийн ширхэгтэй ноостой хонь үгүй болгосон гэдгийг учир мэдэх мэргэжлийнхэн учирладаг. Тиймээс бид хэтэрхий явцуу хөнгөн хуумгай хандахаасаа илүүтэй нарийн судалгаа, шинжилгээнд суурилж, монгол адуугаа харин ч паспортжуулж, үүлдрийг нь сайжруулах нь чухал. Түүнээс тамирчны өмсгөлд тогтоодог шиг стандарт тогтоох нь утга учиргүй. Адаглаад л аль нутгийн ямар угшил, гаралтайг тогтоож байж тэр тухай ярьж болно.

Монгол, эрлийзийн эрэмбэ!

Сонгуулиар улстөрчдийг мэдлэг боловсрол, туршлага, чадвараас нь илүүтэй монгол болоод эрлийз гэж ангилдаг болсон. Энэ солиорол эцэстэй юунд хүргэж, нэр дэвшигчдийн уриа үг ямар болсныг надаар хэлүүлэлтгүй мэднэ. Үүнийг Шадар сайд сайхан ашигласан нь зуу зуун уяачдыг уурлуулж, зуу зуун унаач хүүхдийг уйлуулахад хүргэв. Үүнийг харж суусан зарим нь улсын наадамд зөвхөн халх бөхчүүдийг барилдуулах тухай ч дэмийрээд эхлэв.

Тэрхүү солиорол хаана хүрч, хэрхэхийг хэлэхэд бэрх юм. Бие хаа, байгаа байдал, өндөр, жацаар нь Монгол хүн, монгол адуунд стандарт  тогтооно гэвэл түүн шиг тэнэглэл үгүй болно. Тиймээс шоу бус судалгаагаар асуудалд хандах хэрэгтэйг энэ жилийн хурдан морьдын уралдаан сургамжиллаа. Үнэндээ ад үзээд байдаг уяачид чинь адуучин, унаачдаа айл гэрээр нь ажилтай, орлоготой авч яваа ажлын байр гаргагчид гэдгийг мартаж бас болохгүй л болов уу?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж