Баяр наадмын буюу өдрүүдэд /2017.7.10-15/ Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1236 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн. Үүнээс 18 нь бага насны хүүхэд байсан байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Баярын өдрүүдэд 13 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан байна.
Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 27 осол, мөргөлдсөн 36 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн дөрвөн осол, онхолдсон хоёр осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.
Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирч, нэг хүн гэмтсэн бөгөөд машин онхолдсоноос дөрөв, мөргөлдсөнөөс дөрвөн осол гарчээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Хоёр даваа” гэх газар асфальтан замд N.Sunny маркийн Ө жолоочтой автомашин H.Accent маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 31 настай Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсныг шалгаж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын шинэ замд А жолоочтой амины Мустанг маркийн мотоцикль онхолдож, зорчигч 32 настай Б-н амь нас хохирсон бол Баянгол дүүргийн нутаг Телевизийн эцэс рүү нийлдэг даланд амины T.Prius маркийн автомашины жолооч Ч нь далан руу унаж жолооч, зорчигч нарын хоёр хүн гэмтсэн гэж Замын цагдаагийн албанаас мэдээлэв.
Д.ЦЭЭНЭ