Шатрын домогт тамирчин Гарри Каспаров их спортдоо эргэн ирэхээр шийджээ. Тэрбээр ирэх сард АНУ-ын Сент-Луис хотод болох блиц болон түргэн бодолтын тэмцээнд оролцох гэнэ.
Шатрын ертөнцөд 20-иод жилийн турш ноёрхлоо тогтоосон Каспаров 2005 оноос хойш олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцоогүй юм. Харин одоо наймдугаар сарын 14-19-нд үргэлжлэх тэмцээнд өнөө цагийн дэлхийн шилдгүүдтэй халз өрсөлдөхөөр болжээ.
Оросоос гаралтай Каспаров 2014 онд Хорватын иргэн болсон юм. Тэрбээр 1985 онд 22 насандаа дэлхийн аварга болж, 2000 он хүртэл аварга цолоо хадгалсан.
Шатрын спортоо орхисныхоо дараа Каспаров ОХУ-ын улс төрд хүч үзэж, ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хөдөлгөөнд нэгдэж байсан юм. Хэд хэдэн удаа баривчлагдаж байсан тэрбээр Путины тухай ном ч бичиж байв.
С.ЦЭЛМЭГ