
Энэ гажгийг засахгүй бол байсхийгээд л нэг хөдөлгөөн, өргөх бичиг, матаасны ярилцлага тасрахгүй нь. Эхлээд албан тушаал горьддог байсан бол эцэстээ бүр цусаа ханаж эзгүй арал дээр очиж амьдарна хэмээн заналхийлэх болов. Хувь хүн өөрийнхөө цусыг урсгана уу байна уу маньд уг нь хамаагүй. Эзгүй арал дээр очно уу, долоон буудлын цасан дээр хөрвөөнө үү бас л падлий байхгүй. Гэхдээ энэ галзуурал нь нийгэмд аюултай эсэхийг тунгааж үзэх шаардлагатай болж. Ер нь юмыг яаж мэдэх вэ, С.Ламбаа сайд сэтгэцийн эмнэлгээ өргөжүүлэн тохижуулж байхад буруудах юмгүй мэт санагдана. “Саалиа бэлдэхээс саваа бэлд”гэж үг байдаг байх аа.
Монгол ардын нам дотооддоо учраа олохгүй мунгинаж байх зуур Ардчилсан намынхан хэл амаа ололцож байна гэсэн мэдээ ирэв. Намын дарга Н.Алтанхуяг болон бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар саяхан нэг уулзалт зохион байгуулжээ. Мэдээж энэ бол албан ёсны хурал биш. Ардчилсан намын дотоодын фракциуд Ардын намд байдал бишдээд байгааг мэдэрч, энэ удаа. Нэгэнт МАН-ын дотоод зөрчил хурцдаж тэр нь нийгэмд таагүй хандлага үүсгэж байгааг шүүн ярилцсан бололтой. Ардын намын толхилцооныг Ардчилсан намд ашигтай хэлбэрээр эргүүлэх талаар зөвлөлдөж нэг зүйл дээр санал нэгдсэн гэх. Ардын нам өөрөө өөрийнхөө хар PR-ыг хийх тусам Ардчилсан намын гишүүд тэднээс зайгаа барих нь 2012 оны сонгуульд ялалт байгуулах боломжийг нээж өгнө гэж үзжээ. Хамтарсан Засгийн газрын нэг сайдыг огцруулах эсэх талаар УИХ хэлэлцэнэ гэдэг Ардын нам болон Засгийн газарт хасах оноо авчирч байна гэсэн үг. Хэрвээ Д.Зоригтыг биш юм гэхэд хэн нэгэн сайдыг дахиад огцруулах эсэх талаар УИХ хэлэлцэх л юм бол ирээдүй бүрхэг болно. Ийм үед улс төрийн торгон мэдрэмж гаргавал Ардчилсан намд ашигтай байж мэдэх л юм. Тэд энэ удаа Н.Алтанхуягийгаа өөрчлөхгүйгээр ахиад нэг алхам хийхээр тохиролцжээ. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаараа Э.Бат-Үүлийг зүтгүүлэх гэнэ. Хэрвээ мань хүн Д.Эрдэнэбатыгаа “хусч” дөнгөвөл хамтарсан Засгийн газраас намаа татаж гаргах нөхцөл бүрдэнэ. Тэрнээс одоо байгаа бүрэлдэхүүнээрээ яавч засгаас гарах бололцоогүй. Э.Бат-Үүлийг З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан хүчний холбоо дэмжихгүй. Гэхдээ хамтарсан Засгийн газрыг огцруулна гэсэн ам өчиг өгвөл болоод явчихна. Засгийн газрыг тараах сонирхол дээр нэгдвэл Н.Алтанхуяг зэрэг ч яамай. Үүнд МҮДН-ын угшилтай гишүүд, Зүүн хойд Азийнхан санал нэгджээ. Тэд харин Х.Баттулга сайдтай хэрхэн хэл амаа ололцож байгаа нь сонирхолтой. Гэхдээ баттай бус эх сурвалжийн мэдээлснээр Х.Баттулга сайд тэднийг дэмжихээр ам гарсан сураг байна. Хэрвээ үнэхээр тэр дэмжсэн бол “юм эхэлчихсэн” гэсэн үг. Тэгэхээр хаврын улс төр халуухан болж мэдэхээр байна. Учир нь Ц.Даваасүрэн нарыг МАН-ын генсек намнаж байх зуур АН-ын ирээдүйн генсекийн толгойд засгаас “урвах” төлөвлөгөө боловсорч байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин