Антарктид дахь Их Британийн эрдэм шинжилгээний станцынхан хуримын урилга хүлээн авчээ.
Өдрийн хэдхэн цагт нь гэгээтэй байдаг, тэсгим хүйтэн тэр нутагт хуримын ёслол гэдэг байж боломгүй зүйл мэт. Гэвч Антарктидын хойгийн баруун хэсгийн Аделейд аралд байрлах Ротера судалгааны станцад ажилладаг хосууд тэндээ хуримлахаар шийдсэн байна. Том Сильвестер, Жули Баум нарын хуримын ёслолыг судалгааны багийн ахлагч Пол Сэмвэйс удирдаж, хосуудаар хуримын тангараг өргүүлэх ажээ.
“Антарктидад гэрлэнэ гэдэг хувь заяа. Үүнээс илүү сайхан газар гэж байхгүй” гэж сүйт бүсгүй ярьсан байна.
Харин сүйт хархүү “Цомхон хүрээнд сайхан хурим хийнэ гэж үргэлж боддог байлаа. Харин хэзээ ч дэлхийн хамгийн алсмагдал энэ цэгт хурим хийх тухай төсөөлж ч явсангүй” хэмээжээ.
Хамтдаа 11 жилийг үдсэн хосууд Антарктидад газарчаар ажилладаг гэнэ. Тэд 2016 онд Их Британийн эрдэм шинжилгээний станцад ажиллахаар томилогдсон мэргэжлийн уулчид бөгөөд гүний судалгаа хийх ажилд мэргэжилтнүүдийг замчилдаг байна.
С.ЦЭЛМЭГ