АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Твиттерт идэвхтэй нэгэн. Тэрбээр хууль ёсны дүрэм, журмаас гадна хувийнхаа үзэл бодлыг сошиалд чөлөөтэй илэрхийлсээр ирсэн.
Харин их гүрний төрийн тэргүүний хувиар Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөс хойш нийт 920 удаа жиргэжээ. Твиттерт дэндүү идэвхтэй байдгаа тэрбээр “орчин цагийн ерөнхийлөгчийн үйлдэл” гэж тодорхойлсон.
Ерөнхийлөгчийн твиттер зуршлын талаар Business Insider анализ хийжээ. Тухайлбал, Трамп өглөөний 7-8.00 цагийн хооронд жиргэх дуртай, бас хамгийн дуртай сэдэв нь “хэвлэл мэдээлэл”. Мөн “Fake news”, сонгуулийн үйл явцад Орос хөндлөнгөөс оролцсон гэх дуулиан гээд түүний жиргээний сэдэв өргөн хүрээг хамардаг.
АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан таван сар хагасын хугацаанд Трамп юуны тухай, хэзээ, хэрхэн жиргэв?
2017.01.20-нд тангараг өргөснөөс хойш долдугаар сарын 7 хүртэлх хугацаанд Трамп 920 удаа жиргэжээ. Өдөрт 5.4 жиргээ.
Энэ хугацаанд хоёр өдөр л жиргээгүй өнгөрсөн. Дөрөвдүгээр сарын 15, зургадугаар сарын 8. Хамгийн ихдээ зургадугаар сарын 22-нд 16 удаа жиргэжээ.
Өглөө твиттертээ жиргэснээр ерөнхийлөгчийн ажлын өдөр эхэлдэг. Өнгөрсөн хугацаанд тэрбээр өглөө 7-8.00 цагийн хооронд хамгийн олон буюу 130 удаа жиргэжээ. Нийт жиргээний 41 хувь нь өглөө 5-9.00 цагийн хооронд бичигдсэн байна. Шөнийн 03.00 цагт л жиргэсэн тохиолдол байхгүй. Хоногийн бусад бүх цагт бичигдсэн жиргээ түүний Твиттер архивт хадгалагджээ.
Амралтын өдрөөс илүү ажлын өдрүүдээр их жиргэдэг. Тодруулбал, даваа гаригт 144, мягмар-136, лхагва-127, пүрэв-143, баасан-157, бямба-105, ням-108 байна.
Хэвлэл мэдээллийн тухай тэрбээр 113 удаа жиргэсэн. Тэдний 57-д нь ‘fake news’ гэх үг орсон байв.
Түүний жиргэх дуртай бас нэг сэдэв нь Оросын хакер ажиллагаатай холбоотой мөрдөн байцаалт. Энэ талаар тэр нийт 99 удаа жиргэжээ.
Тэрбээр мөн эдийн засаг, ажилгүйдэл, худалдааны талаар жиргэх дуртай. Эдгээр асуудалтай холбоотой 98 жиргээ бий.
Сонгуулийн кампанийн үеэс л олны анхаарал татаж байсан цагаачлалын асуудлаар Трамп 74 удаа жиргэжээ. Үүнд Мексикийн хилийн дагуу хана босгох, исламын шүтлэгт орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх тухай хориг ч бас багтана.
Трампын жиргээний сэдвүүдийг ангилбал, хэвлэл мэдээлэл-113, Орос-99, эдийн засаг/худалдаа-98, гадаад зочдын айлчлал-83, цагаачлал-74.
С.ЦЭЛМЭГ