Орхон аймгийн Онцгой байдлын албыг удирдаж асан, гал сөнөөгч Н.Баясгалангийн зөвлөгөөг хүргэж байна.
- Сэтгэлийн хөөрөл бодит байдалд эрсдэлтэй. Гал түймэрт хөөрлөөр хандаж болохгүй. Хүнс ус, багаж материалаар, сэтгэл санаагаараа дэмжиж болно. Ой хээрийн түймэр онцгой аюултай. Моддын оройгоор шуурсан галт шуурганы хурд 45 км цагаас дээш гээд бодоод үз дээ.
- Гал унтраах ажиллагаа бол газар орны байр байдлын онцлогт тохируулсан, хүн хүч, техникээ хуваарилж томилсон, аюулгүй ажиллагаа, холбоо зохион байгуулалтаа хангасан тусгай тактик, цогц цэрэг инженерийн ажиллагаа байдаг юм. Тэгэхээр залуучууд хөөрөлд бүү автаарай.
- Хөвдөнд хавсан түймэр талын агуй шиг цогон хөндий үүсгэнэ. Яг л үнс нурмаар далдалсан урхи нүх мэт. Цөмрөх аюултай. Ойн түймэр унтраах тийм ч амархан биш ээ.
- Түймэр унтраах ажил нүсэр их хөрөнгө цаг хугацаа, хөлс хүч, сэтгэл зүтгэл шаардана. Иймээс ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх гол бөгөөд энгийн зүйлүүдийг бид анзаардаггүй. Ердөө амархан шүү дээ урьдчилан сэргийлэх асуудал.
- Ой хээр аялал зугаалгаар явахдаа аялалын ахлагч томилон, аялалын дэгтэй явах, гал тамхи, шүдэнзээ хяналтанд, түүдэглэх, тулгалахдаа ойр орчмын шатах өвс ургамлыг цэвэрлэж шороог ил гарган манах, явахдаа сайтар унтрааж ус хийж, шороогоор үнс цогийг зузаалан дарж хучих, машины доод янданг өвс ургамлаас цэвэрлэх, шилэн эд зүйлийг хаяхгүй байх, уулын амаар зугаалгаар яваа хүмүүс, машин техникт анхаарал хандуулж, түймэр тавьсан этгээдийг олж илрүүлэх мэдээлэх, өвөлжөө, хаваржаа, намаржаа. зуслангийн өтөг бууц, хогоо шатаахгүй байх, шатаасныг мэдээлж арга хэмжээ авахуулах, ой хээр арц хүж уугиулах, зул барихдаа тусгай сав хэрэглэж, шатаж дуустал эзэнтэй байлгах, хулгайн ан хийгчдийг мэдээлэх, зөвшөөрөлтэй тохиолдолд галт сум хэрэглэхгүй байх зэрэг олон энгийн үйлдлүүдийг анхаарч хэвшүүлэхэд л болох юм.
- Шөнийн цагт гал түймэр их сүртэй харагдавч үнэн хэрэг дээрээ амсхийж ‘унтдаг’. Ялангуяа хээрийн түймэр. Үүрээр түймэр унтраах ажиллагаа үр дүнд хүрэх нь бий.