Катар улс 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах учиртай. Гэвч Арабын зургаан орон болох Саудын Араб, Йемен, Мавритан, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Египет ДАШТ болох газрыг өөрчлөх тухай хүсэлтийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-нд гаргажээ.
“Катар бол терроризмын бааз. Тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдалд эрсдэл учирч болзошгүй” гэж тэд үндэслэлээ тайлбарласан байна.
ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино ч мөн “Катарт ДАШТ-ийг зохион байгуулснаар тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд эрсдэл учирч болох тухай анхааруулгыг зургаан улсаас хүлээн авсан” гэж мэдэгдлээ.
Зургадугаар сарын эхэнд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн болон Египет зэрэг улсууд Катартай дипломат харилцаагаа тасалсан. Тэд Катарыг терроризмыг дэмждэг, мөн тэдгээр улсын дотоод хэрэгт аюул учруулдаг хэмээн буруутгаж байгаа юм. Хожим нь, тэдний энэхүү уриалгад Араб ертөнцийн хэд хэдэн улс нэгдэж, Дохатай дипломат харилцааныхаа түвшнийг бууруулсан билээ.
Бэлтгэсэн: Ц.УРАН