-Гал сөнөөгчид болон нутгийн иргэд гэр рүүгээ буцах нь бүү хэл, уулнаас бууж хоол идэх ч завгүй ажиллаж байна-
Нийслэл хотоос 130 гаруй км-ийн алсад орших Сөгнөгөрийн голын эх бүхэлдээ түймрийн аюулд нэрвэгдээд байна. Араараа модтой Бугатайн зоо, Хүрхрээгийн гацаа гэх байгалийн үзэсгэлэнт нутагт сар шахмын өмнө ассан түймэр өнөө хэр унтраагүй улам газар авч, шуургалан уулгалах улаан гал уул уулаар нь хуйхлан дүрэлзэж байна. Зургадугаар сарын 24-ний өдөр анх өндөр эгц газарт гал гарснаас байгаль хамгаалагч болоод нутгийн иргэдийн хүч хүрэлгүй өнөөдрийг хүрч, түймэр газар авчээ.
“Юун наадам, юун сонгууль”
Манай сурвалжлах багийг Төв аймгийн Батсүмбэр сумыг зорин очих үед /2017.07.15/ зам зуурт таарсан залуу бүсгүй “Манай суманд таван газар ойн түймэр гарсан байгаа. Өглөөгүүр түймрийн утаа маш их байсан. Одоо арай л багасаж байна” гэсэн юм. Нэг сумын нутагт тавын таван газарт түймэр гарчихаар эртэй, бяртай, сэтгэлтэй болгон нь түймрийг зорьсон бололтой. Сумын төв эл хульхан. Говиос нэмэлт хүч болон ирсэн Онцгойгийн алба хаагчид хэд хэдэн тийш яаран гарч байлаа. Зүрх сэтгэлийн дуудлагаараа гал унтраахаар очсон залуус хаачихаа мэдэхгүй бие биенээ бараадан давхилдана. Харин бид содноос содон өнгөтэй Онцгойгийн улбар шар машиныг даган утаа суунаглах уул руу зорилоо. “Бид Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид. Ойн түймэрт манай аймгийн Гал түймэр унтраах 17, 23, 33 дугаар ангийн нийт 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэхээр явж байна. Бид өмнө нь Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Сүхбаатар аймагт гарч байсан хээрийн түймэрт ажиллаж байсан. Манай албан хаагчид хоёр фургон, нэг газиль машинтай явж байна. Бас Говьсүмбэр аймгийн албан хаагчид нэмэлт хүч болон ажиллахаар ирсэн” тухай Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах ангийн дэслэгч С.Энх-Эрдэнэ хэллээ. Тэд 70 км-ийн алсын түймрийг унтраахаар биднээс салан явсан юм.
Хот хүрээнийхэн болоод бусад газарт сонгууль, наадмаар амьсгалж, улстөржин талцаж байх үед ч Төв аймгийн Батсүмбэрийнхэнд “Юун наадам, юун сонгууль” байсан байна. Шадар сайдыг онгоцоор тойрох үед эхлэл төдий байсан түймэр өдгөө аюул гамшгийн хэмжээнд хүрснийг нутгийн иргэд халаглан өгүүлүж байна. Түймэр үнэхээр газар авчээ. Зуу гаруй км-ийн алсад орших нийслэлчүүдийн нүд, хоолой хорсгох түймрийн голомтод гал унтрааж буй хүмүүс яг л зуухан дотор ажиллаж байгаа мэт байлаа. Нутгийн иргэд, нас хүйс ялгаагүй ээлжлэн ууланд гарч түймэр унтрааж байна. Эмэгтэйчүүд хоёр хоёр хоногийн зайтай ээлжлэн очиж, тогоо барьж, түймэр унтрааж буй хүмүүст хоол цай дөхүүлж буй бол эрчүүд нь 3-4 хоногийн давтамжтайгаар уул руу гарч түймэр цохиж байна.
Цурам “амилж” гал болон дэгдэж байна
Харин Төв аймгийн Онцгой байдлын алба хаагчид түймэр гарсан цагаас тасаг тасгаараа ээлжлэн ажиллаж байгаа ажээ. Сүүлийн тасгийнхан гэхэд долоо хоногийн өмнө ууланд иржээ. Тэд гэр рүүгээ буцах нь бүү хэл, уулнаас бууж ирэх завгүй байна. Нэг хэсэг газрыг цурманд оруулчихаад нөгөө хэсэгт очиж гал унтраах зуур өмнөх газрын цурам “амилж” гал болон дэгдэж буй ажээ. Тиймээс гал сөнөөгчид болоод гал манаж буй иргэдэд хоол цайг нь мориор зөөн хүргэж байгаа юм. Нутгийн иргэдэд зориулалтын багаж хэрэгсэл хүрэлцээгүй байна. Тиймээс ургаа модноос мөчир таслан гал унтрааж буй ажээ.
Галт луу үлээж, газар дэлхий шилгээв үү гэлтэй угалзарсан улаан гал Сөгнөгөрийн эхийг нөмөрч, цогшиж, догширсон түймэр уулыг, мододтой нь хоромхон зуурт залгиж байна. “Нэг мод ургах гэж 80-100 жилийг туулдаг бол ердөө 30-хан минутад шатаж үнс болохыг харах үнэхээр харамсалтай байна” гэж хотоос очсон оюутан залуу халаглан өгүүлсэн юм.
“Манай нутаг тун чиг сайхан нутаг юмсан. Ерээд оны дунд үед нэг айхтар шатаж байсан. Түүнээс хойш ийм түймэр үзсэнгүй” гэж байгаль хамгаалагч О.Гансүх өгүүлж байлаа. Тэрбээр түймэр дэгдсэн өдрөөс эхлэн тэмдэглэл хөтөлжээ. Хаанаас эхэлсэн түймэр хэрхэн тэлсэн, хичнээн хүн ажилласан, ирсэн, буцсан улсуудыг нэгбүрчлэн тэмдэглэжээ. О.Гансүх 20 гаруй хоног түймрийн голомтоос холдоогүй учир нүд нь улайж, хоолой нь сөөж, нүүр ам нь тортогт харлажээ. Байн байн амаа шилэмдэн арайхийж ярих тэрбээр түймэр унтрахаас нааш уулнаас буух эрхгүй гэж байлаа. Түүнээс зарим зүйлийг тодруулан асуулаа.
-Та нар 20 гаруй хоног ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Ойн түймрийг унтраахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Энэ түймэр хэт халуун, хуурайшилтаас болж гарсан гэж хэлж болно. Өнгөрөгч зургадугаар сараас хойш манай нутагт нэг ч бороо ороогүй. Ойн түймрийг цурамд оруулаад хүмүүсээр мануулж хонуулдаг юм. Тэгсэн хэдий ч цурмаас болж түймэр гарсан тохиолдол байгаа.
-Одоо ойн түймэрт хэчнээн га газар өртөөд байна вэ?
-Ойн түймэр эхлэх үед 32 га газрыг хамраад байсан. Сүүлд цурмаас бас алдаад хэдэн га газрыг хамраад байгааг тодорхойлж чадаагүй. Ойн түймэр нэлээд хэмжээний газрыг хамраад байна. Одоо Сөгнөгөрийн амны хойд талын уул шатаж байна. Бид түймрийг аль болох урагшаа алдахгүй нь тулд хамгаалж, Төв аймгийн Онцгой байдлын алба хаагчидтай хамтран ажиллаж байна.
-Ойн түймрийг унтраах гээд сэтгэлээрээ цөөнгүй залуус иржээ. Түймэр эхэлснээс хойш хэр олон хүн туслахаар ирэв?
-Ойн түймэрт туслахаар олон хүн ирж байна. Хүмүүс ирэхээр цурам манаж байгаад, унаа ирэхээр буцаад явцгаадаг. Ойн түймэр одоо уулынхаа ард битүү унанги мод, хөвд ихтэй учраас дийлдэхгүй асаад байж байна. Уулын энгэрт цурам тавьж, мануулаад аль болох урагш явуулчихгүйг л хичээж байна. Бас хүн хүч цөөн байна даа. Бид усаа 3ИЛ-31 машинаар зөөж байна. Төвөөс дарга нар ёмкость өгсөн. Тэгээд Онцгой байдлын газраас өгсөн ус татдаг шахуургаар цорвоо усаар шавшиж унтрааж байна. Ус татдаг шахуурга урт учраас 5-6 хүн ажиллаж байна гэлээ. Улаанбаатар хотод гал сөнөөгчид болон нутгийн иргэдэд туслахаар залуучууд санаа нийлэн хандив мөнгө цуглуулж, зарим нь биечлэн туслахаар зорин ирж буйг дуулгахад тэд маш баяртай хүлээн авч байлаа.
Түймэр бол сэтгэлийн хөөрлөөр унтраадаг зүйл биш
Сэтгэл өвдөхгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсчээ. Уул болгоны ар хэсэг бүхэлдээ хуйхлагдаж, шатаж сүйдсэн модны ёзоор ёрдойн үлджээ. Гэвч энэ бол түймрийн голомт биш ердөө л эхлэл нь. Нар жаргаж, үдэш болмогц тэртээх уулын оройд улаан туяа татан, энтээх уулын ард улаан гал дүрэлзэн байлаа. Цогшиж цооносон гал орох нь бүү хэл ойртох ч арга алга. Модод бөөн бөөнөөрөө шажигнан нужигнан нурж байлаа. Тиймээс түймрийн голомт руу оройн цагаар огт очихгүй байгаа гэдгийн нутгийн иргэд хэлж байна. “Түймэр тоглоом биш. Хичнээн сэтгэл байвч, туршлага, хашир зан суугаагүй залуус олноороо уулгалан орох ямар ч боломжгүй. Саяхан л гэхэд манай нутгийн хүн түймэр унтрааж байгаад модонд даруулсан. Релей /ус цацан гал унтраагч/ үүрч явсан тулдаа далных нь яс цуураад үлдсэн. Түймрийг сэтгэлийн хөөрлөөр унтраадаг зүйл биш. Арга техник, туршлага, мэдлэг чухал. Адаглаад л халуун хөвдөн дунд алхахад хайлж хайрахааргүй гутал хэрэгтэй. Утаа угаарт цохиулах, төөрч алга болох гэхчилэн олон аюул бий. Энэ бүхнийг нарийн сайн зааж зөвлөхгүйгээр түймэр рүү залуусыг уриалж болохгүй” хэмээн хаширлан өгүүлэх хүн бол Батсүмбэр сумын малчин Ч.Батсүрэн юм. Түүнтэй хамт гал унтрааж явсан Х.Оюунбат, Б.Лхагвадорж хэлэхдээ “Уг нь техник хэрэгсэл, багаж дутмаг нөхцөлд олны хүчээр л түймрийг унтраана. Залуучууд бэлтгэлээ сайн хангаад ирвэл ядаж цурам мануулахгүй юу. Тэгээд бид өөрсдөө галаа унтрааж байвал тустай л байна” гэж байлаа. Эс тэгвээс ажиллаж буй хүмүүс туйлдаж ядраад сүйд болох нь хэмээн тодотголоо.
Тэд өсөж төрсөн нутгаа түймэрт автахыг харах шиг муухай зүйл алга гээд дөнгөж сая нялх янзага түймэр дундуур хичнээн дэгдээд ч амь дүйн гарч амжаагүйг харамсан өгүүлэв. Мөн хоёр торой дагуулсан бодон тэнхээ мэдэн зугтсан, амьд үлдсэн эсэхийг мэдэхгүй гэв. Жигүүртэн шувууд галаас зугтан гарахдаа даль жигүүрээрээ гал зөөвөрлөн нэгээс нөгөөд гал тавьчих гэмтэй. Мөн галд өмхөрсөн мод эрүүл газар руу өнхөрч очоод гал дэгдээж орхих нь бий гэнэ. Ойн түймрийн аюул нь гал хөвдөнд нуугдан үлддэгт байдаг ажээ. Шаагитал орсон гурав хоногийн бороо ч ойн түймрийг бүрэн унтраагаагүй тохиолдол байдаг юм байна. Хөвдөнд нуугдсан гал 10 хоногийн дараа “амилсан” гашуун түүх бий ажээ. Энэ бүхнийг нутгийн иргэд, байгаль хамгаалагч нар өгүүлж байлаа. Гэвч тэд бидэнтэй хуучлах завгүй, гал сөнөөгчдийг зорин мордсон юм.
А.Цээсүрэн
Д.Цээпилмаа
Зураглаач Ц.Ариунболд