Нийслэл хотыг тойрсон нэлээд хэдэн түймэр асч байна. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр суманд нийт таван түймэр гараад байгаа билээ. Үүнээс үүдэж нийслэл хот утаан бүрхүүлд автаад байна. Ийм нөхцөлд иргэд ямар арга хэмжээ авах ёстой талаар нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвийн Чанарын менежер Ц.Наранцэцэгээс тодрууллаа.
-Өнөөдөр гадаа +30 хэмийн халуун байна. Агаарын температур халуун байгаагийн зэрэгцээ түймрийн утаа хотыг бүрхлээ. Ийм нөхцөлд иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал улам нэмэгдэж байна. Манай улсын агаарын хэм нэлээд нэмэгдсэн. Говийн нутгаар +40 хэмээс дээш халж байна. Мөн дээр нь ойн түймэр гардаг. Ийм нөхцөлд иргэд аялал зугаалгаар явахдаа гал алдахгүй байх хэрэгтэй. Гал алдсанаас үүдэж байгаль дэлхий сүйдэж байна. Яг өнөөдрийнх шиг нөхцөл байдалд гэртээ чийглэг орчин бүрдүүлж, агаарын солилцоо оруулах хэрэгтэй. Мөн шингэн зүйлийг ердийнхөөс илүү хэрэглэвэл зохино. Ундаа биед хэрэгтэй шингэнийг нөхөж чаддаггүй. Тиймээс хярам, буцалсан ус, цэвэр ус, бор цай гэх мэт шингэн зүйл байж болно.
Хэт халуунд хүний суурь өвчин сэдэрдэг. Даралт ихэснэ, дотор бачимдана. Тиймээс онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна.
-Сүү хордлого тайлах тустай гэж хүмүүс ярьдаг. Гадаа утаатай байгаа нөхцөлд зарим иргэд угаартахаас сэргийлж сүү хэрэглэж байж мэдэх юм. Энэ нь хэр үр дүнтэй вэ?
-Хор тайлах хамгийн энгийн арга бол витаминлаг хүнс хэрэглэх явдал юм. Витамин С бол антиоксидант үйлчилгээтэй учраас хоргүй чанарыг бий болгож байдаг. Сүүнд орж байгаа найрлага нь антиоксидант үйлчилгээтэй, хоргүйжүүлэх бодис агуулагддаг. Гэхдээ зарим хүнд ходоод гэдэсний хямрал үүсгээд байдаг талтай. Тэгэхээр шингэн зүйл сайн угаад, гэртээ агаарын солилцоо оруулж, чийглэг орчин бүрдүүлэх нь хамгийн зөв алхам юм.
-Агаарын температур халуун үед зарим хүмүүсийн дотор давчддах нь бий. Энэ нь юутай холбоотой вэ?
-Эмнэлгийн хэллэгээр бол бодисын солилцооны хямрал, алдагдал үүсч байгаа юм. Тиймээс шим тэжээлтэй хүнс, цагаан идээ, шингэн зүйл хэрэглээрэй.
-Түргэн тусламжийн төвд хандаж байгаа иргэдийн ихэнх нь ямар оноштой байна вэ?
-Зуны улиралд даралт ихсэх, зүрх судасны өвчлөл, дотор бачуурлаа гэх дуудлага нэлээд их ирдэг. Ихэвчлэн бага насны хүүхэд, 40-өөс дээш насныхан болон даралт ихэсдэг иргэдэд агаарын хэмийн халуун илүү их мэдрэгддэг.