Түймэртэй бүсэд маргааш бороо орох магадлалтай

Хуучирсан мэдээ: 2017.07.16-нд нийтлэгдсэн

Түймэртэй бүсэд маргааш бороо орох магадлалтай

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Дэлхийн хамгийн том зочид буудлын сүлжээ болох Английн тив хоорондын “Intercontinental Hotels” (IHG)-ийн бүрэлдэхүүнд хамаарах дэлхийд алдартай зочид буудлууд Хятад эзэнтэй болох нь олширч байгаа гэнэ.

    Улсын хэмжээнд 22 газар түймэр гарсан, зарим газрын ой хээрийн түймэр суурин газарт ойртож байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр /2017.06.16/ Төрийн ордонд хуралдлаа.


    66508,3 га талбай түймэрт өртжээ

    Улсын онцгой комиссын хуралдааны өмнө Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян комиссын гишүүдэд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гарсан түймэр, Онцгой байдлын ерөнхий газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа. 

    Улсын хэмжээнд долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлд 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 56 сумдад 128 удаа,  улсын хэмжээнд нийт 145 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан байна.

    Нийт 145 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 2599 албан хаагч, 272 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, хоёр автомашин, орон нутгаас 3720 иргэн, 387 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6946 хүн, 696 автомашин, 55 мотоцикл, техник хэрэгсэл 161 морьтойгоор ажиллажээ.

    Нэг түймРИЙГ цурманд ОРУУЛЖЭЭ. нИЙТ 22 газарТ түймэртэй байна

    Ой хээрийн түймэр гарч байгаа шалтгааны 70 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс, цөөн хэсэг нь аянга цахилгаан, байгалийн бусад хүчин зүйлээс шалтгаалан гарч байгааг албаныхан хэллээ.
     

    Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Мухар гэдэг газарт 2017 оны долдугаар сарын 11-ний өдрийн 12.20 цагт гарсан түймрийг тухайн өдрийн 17.35 цагт цурманд оруулжээ.  Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад есөн түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд таван түймэр, Эрдэнэ суманд нэг, Булан, Сэлэнгэ, Гурванбулаг сумдад нэг нэг түймэр асч байгааг Онцгой байдлын Ерөнхий газар унтраахаар ажиллаж байна.  

    Агаараас ТҮЙМЭР унтраах ТЭЭВЭР АВАХ хүсэлт ОХУ-д тавьжээ

    Иргэдийн зүгээс ч, зарим төрийн өндөр албан тушаалтны зүгээс ч түймэр унтраах нисдэг тэрэг, онгоц авах санаачлагыг гаргаж, хандивын аян эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамны удирдлагуудтай холбогдож, түймэр унтраах ажиллагаанд агаараас түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргажээ. Энэхүү хүсэлтийн дагуу ОХУ-ын  Онцгой байдлын яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд Сибирийн мужийн онцгой байдлын газартаа чиглэл өгсөн байна.  Сибирийн мужийн онцгой байдлын газраас өнөөдөр хариу өгснөөр агаараас түймэр унтраах нөхцөл бүрдэнэ гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Онцгой комиссын гишүүдэд танилцууллаа.

    С.ЭНХТҮВШИН: чийг ихтэй үүл буудаж, бороо оруулах боломжтой

    Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ‘Монгол Улсын Ерөнхий сайд, Онгой комиссын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт гурван баг гарч, Ерөө, Мандал суманд асч буй түймрийг унтраахаар ажиллаж байна. Төв аймагт мөн хоёр баг ажиллаж байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал суманд өчигдөр хоёр үүл буудах пуужин харваж, хоёр цаг орчим бороо орсон. 

    Долдугаар сарын 17-ноос эхлэн баруун талаас чийг орж ирж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Завхан, Хөвсгөл, Булганы өмнө хэсэг, Архангай аймгийн баруун хэсгээр орж байна. Энэ бороо зүүн хойшоо чигтэй байгаа учраас түймэр гарч байгаа бүсүүдээр маргааш үдээс хойш, шөнөдөө дайрах магадлалтай байгаа.  Нийт нутгаар зуншлага муу байна гэсэн үзүүлэлттэй байна.  Долдугаар сарын 17,18-нд, 22-24 болон сарын сүүлээр бороо орох нөхцөл бүрдэж байгаа учраас ой хээрийн түймрийг нэг талаас хүн хүч, нөгөө талаас байгалийн бороо орж байж унтраах боломжтой. Тиймээс ч УЦУОШХ-ээс яаралтай арга хэмжээг авч, ажиллаж байна. Үүл бүрийг буудах боломжгүй. Борооны үүл, чийгтэй үүл гэж тусдаа байдаг учраас чийг ихтэй үүл буудаж, бороо оруулах боломжтой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй’.

    Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ: Зэвсэгт хүчний байгууллага бэлэн байдалд ажиллаж байна

    -Ерөнхий сайдын тушаалаар шуурхай ажлын хэсэг байгуулагдаж өчигдөр Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Газар дээр байдал маш хүнд байна. Онцгой байдлын албан хаагчдаас гадна орон нутгийн иргэд гал унтраахад оролцож байна. Энэ их олон газар гарсан түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл мэндийн талаас нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөн халуун нурманд ажиллаж байхад гутал тэсэхгүй байх байдал ажиглагдсан учраас галын голомтод ажиллаж байгаа албан хаагчдад гутал, хувцас, хоол хүнс, төсөв мөнгийг нь орон нутаг болон шат шатны удирдлагууд нь яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа нь ажиглагдсан. Мөн өөрсдийн санаачлагаар очиж байгаа иргэдийн бэлтгэлийг хангах, зохион байгуулалтад оруулах шаардлагатай байна. Гал унтраахаар очсон залуус хүнс, ус, бусад тусламжтай очсон учраас бид Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, орон нутгийн удирдлагуудтай хамтран арга хэмжээ авч, зохион байгуулалтад оруулж ажилласан. Сүүлийн жилүүдэд ой хээрийн түймэр гарч, түүнийг унтраахад техник, хэрэгсэл, арга технологи зэрэг олон улсын туршлагыг судалж, яаж зохион байгуулах вэ гэдгээ цаашид анхаарах шаардлагатай байна. Зэвсэгт хүчний шуурхай бүлэг бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд зэвсэгт хүчний зарим анги Онцгой комиссын даргын тушаалаар нэмэлт хүчээр ажилласан байгаа. Цаашид зэвсэгт хүчний анги, техник хэрэгслээс дэмжлэх авах шаардлага одоохондоо байхгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэж байгаа учраас бид шаардлагатай үед хүч нэмэн ажиллахаар бэлэн байдалд ажиллаж байна.

    ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр: Түймэр тавьсан гэх дөрвөн хэргийг шалгаж байна

    -Улсын хэмжээнд түймэртэй холбоотой дөрвөн хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ дөрвөн хэргийн гарсан шалтгааныг тодруулахад, нэг хэрэг нь ан хийж яваад бууны сумнаас ой хээрийн түймэр эхэлсэн бол нөгөө хоёр нь үнс нурам ил завгай хаясан, тамихины ишээ бүрэн унтраагаагүйгээс болж, түймэр гарсан нь тогтоогдож шалгагдаж байна. Тухайн гарсан галтай холбоотой хэргийг шалгаад, хохирол нь 24 саяаас дээш хэмжээний хохиролтой бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Бусад асуудал дээр нийт гарсан түймрийн 57 түймэрт эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэн холбогдох гэм буруутай этгээдүүдийг тогтоогоод хохирлыг нь төлүүлэх арга хэмжээ аваад явж байна.

    М.Хүрэлсүх: Одоогоор зэвсэгт хүчин, ард иргэдийг дайчлах шаардлагагүй

    -Онцгой байдлын ерөнхий газар өөрсдийн бүх боломжийг ашиглан түймрийн цурманд оруулахаар ажиллаж байна. Ард иргэдийн зүгээс санаачлага гаргаж, хандив өргөж байгаад талархаж, дэмжиж хүлээж авч байна. Гэхдээ ой хээрийн түймэрт бэлтгэгдсэн хүмүүс ажиллах нь тохиромжтой. Бэлтгэгдээгүй ард иргэд очиж ажиллахад, аюулгүй байдал талаасаа хүндрэлтэй. Үнэхээр нөхцөл байдл хүндэрвэл бид зохион байгуулалттай, тодорхой бэлтгэгдсэн, мэргэжлийн хүмүүсийн удирдлага дор очиж ажиллана гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Ой, хээрийн түймэр амар зүйл биш. Ард иргэдийн зүгээс сэтгэл, санааны болон эд материалын дэмжлэг туслалцааг таатай хүлээж авч байгаа. Шаардлагатай тохиолдолд иргэдээ дайчлах асуудлыг зохион байгуулалтайгаар мэргэжлийн түвшинд авч хэрэгжүүлнэ гэж анхааруулж байна. Онгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн албан байгууллагын албан хаагчид шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа учраас боломжит бүх арга хэмжээгээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд гарсан түймэр хяналтаас гараагүй байна. Хэрэв хяналтаас гарвал бид шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Өнөөдрийн байдлаар зэвсэгт хүчнийг дайчлах шаардлага одоогоор байхгүй байна. Онцгой комиссын гишүүд түймэр бүрэн унтартал амралтгүй ажиллах ёстой.

    Ш.ОЧ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж