Түймрийг унтраахад туслахаар 150 гаруй залуус өнөөдөр түймрийн голомт руу хөдөллөө.
Тэд түймэр унтрааж байгаа Онцгойгийн залууст туслах юм. Ойн түймэр дүрэлзэж байгаа голомт руу мэргэжлийн хүмүүс л ажиллах боломжтой тул залуус тэдэнд туслах үүрэг гүйцэтгэх аж. Хоёр хоногийн хугацаатай ажиллахаар таван авто машинд хуваагдан, Сүхбаатарын талбайгаас хөдөлсөн юм.
Онцгойгийнхонд туслах багт эмч, сэтгүүлч, инженер гээд төрөл бүрийн мэргэжилтэй залуус олноор цуглажээ. Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа онцгойгийн залууст туслахаар иргэд хандив өргөснөөр өнөөдрийн байдлаар 6 сая төгрөг цугласан байна.
Сүхбаатарын талбайд цугласан иргэд гутал хувцсаас эхлээд эд материалын тусламжийг ч үзүүлсэн. Тусламжийн цуваа эхнээсээ түймэр асаж байгаа газруудад хүрч эхэлжээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 20 гаруй түймэр асаж байгаа аж. Үүнээс тав нь хүн хүрэхэд амаргүй асга хад ихтэй хүнд нөхцөлд гарсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас Ерөнхий сайдад мэдээлэл хийх үеэр онцолсон юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аялал зугаалгыг түр хугацаагаар зогсоож, гал тавьсан иргэдэд хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгоод байна.
Энэ цаг мөчид Шадар сайд У.Хүрэлсүх Төв аймагт гарсан түймрийн голомтод ажиллаж байна.
Г.ХОРОЛ