Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Ц.Нямбаяр түймэр унтраах санаачилга гарган нэгдээд буй залуусыг сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байхыг санууллаа.
Тэрбээр “Олон нийтийн сүлжээгээр түймэр унтраах ажиллагаанд оролцоё, туслая гэсэн иргэдийн санаачилга гарч нэгдэж байна. Үүнд бид талархаж байна.
Нэг зүйлийг анхааруулахад ямар үед иргэдийг түймэрт дайчлах вэ гэдгийг Засгийн газрын тогтоолоор тодорхой зааж өгсөн.
Гамшгийн нөхцөл байдал хүндэрсэн, цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд иргэдийг дайчилдаг. Онцгой байдлын байгууллагаас одоогоор иргэдийг энэ ажиллагаанд дайчлан оролцуулах албан ёсны шийдвэр гараагүй.
Төв, Сэлэнгэ аймгуудад гарсан түймрийг унтраахад Онцгой байдлын газар Зэвсэгт хүчний анги байгууллагаас хүн, хүч, техник хэрэгсэл гаргахаар ажиллаж байна. Мэргэжлийн байгууллага мэргэжлийн байгууллагадаа туслах ажил шат дараатай хийгдэнэ.
Санал санаачилга гаргаж байгаа иргэдэд хэлэхэд түймэр унтрааж байгаа газар орон нутагт салхи эргэх утаажилт ихсэх, галын дөл бүслэх, унааг мод унах гээд тааварлашгүй хүчин зүйл гардаг учраас залуучуудыг өөрсдийгөө эрсдэлтэй байдалд битгий оруулаач ээ. Ийм зүйл рүү биенээ битгий уриалан дуудаач ээ гэж хэлэх байна.
Харин гал унтраахаар ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагынханд хоол цай хүргэж өгөх, амны хаалт, гутал хувцас зэргийг хүргэхэд хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан, Арцат чиглэлд түймэр гарсан дөрөв таван цэг илэрчээ. Иймээс Онцгой байдлын ерөнхий газраас орон нутгийн мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж буй аж. Үүнд Говьсүмбэр, Дорноговь, Төв аймаг, нийслэлийн Онцгой байдлын газраас гал сөнөөгчид ажиллаж байна
Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар Дархан-Уул, Орхон, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын аврах тусгай анги, нийслэлийн Онцгой байдлын газраас хүмүүс хуваарилагдаад ажиллаж байгаа аж.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр үзэх боломжтой.
Г.ХОРОЛ