Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотноо үргэлжилж байна. Башёгийн зургаа дахь өдрийн барилдааны дараа ёкозүна Хакүхо М.Даваажаргал, магэшира Аояама нар нэг ч унаагүй тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тэдний араас озэки Такаясү нарын магэшира цолтой дөрвөн бөх таван даваа, нэг унаатай удаалж байна. Тэгвэл ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ. Тэрбээр дөрвөн даваа, гурван унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр аварга Кисэносато, арслан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар башёг орхилоо. Башёгийн эхний өдрөөс өрсөлдөгч бөхдөө унаж амжилт муутай эхлүүлсэн Кисэносато хоёр даваа, Тэрүнофүжи нэг даваатай энэхүү башёг өндөрлүүллээ. Өнгөрсөн тавдугаар сарын башёг мөн бэртлийн улмаас дундаас орхиж байсан Кисэносато дахин тэмцээнийг эрт дуусгалаа.
Энэхүү башё дөрвөн аварга, гурван арслан цолтнууд багтсан ч хоёр аварга бэртлийн улмаас замын дундаас хасагдлаа.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 6 даваатай башёг тэргүүлсээр байна.
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4 даваа, 2 унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг зургаа дахь өдрөөс эхлэн орхилоо. Тэрбээр эхний өдрөөс эхлэн унаж эхэлсэн бөгөөд энэхүү башёг нэг даваатайгаар өндөрлүүллээ. 2017.07.14
Долдугаар сарын 9-д эхэлсэн Нагоя башё 23-ны өдөр өндөрлөнө.