Талбайн теннисний энэ оны гуравдахь “Их дуулга” болох “Уимблдон” Их Британы Лондон хотноо өндөрлөх дөхөж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс, Испанийн Г.Мугуруза нар шалгаран үлдлээ.
Энэ жил 37 настай Винус тус тэмцээнд 10-т эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд нийт зургаан тоглолт хийжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Вангийг 4:6, 6:4, 6:1 онооны харьцаагаар хожсон бөгөөд бусад тоглолтод өрсөлдөгчдөө гэм алдаагүй байна. Тэрбээр хагас шигшээ тоглолтод Их Британы Ж.Контаг 6:4, 6:2-оор хожин финалд үлдсэн. Винусын хожсин Конта шөвгийн наймд Румыны С.Халепыг хожсон юм.
Харин нөгөө хэсгээс Испанийн Г.Мугуруза шалгаран үлдлээ. Тус тэмцээнд 14-т эрэмбэлэгдэн тоглосон Г.Мугуруза дөрөвдүгээр тойрогт 2016 оны Австрали, Америкийн нээлттэй тэмцээний аварга, дэлхийн тэргүүн теннисчин Герман А.Кербер, шөвгийн наймд ОХУ-ын С.Кузнецова нарын шилдэг теннисчдийг хожсон юм. Энэ жил 23 настай Мугуруза “Уимблдон”-д хоёр дахь удаа финалд үлдлээ. Тэрбээр 2015 оны финалд шалгарсан ч Серена Уильямс дийлдэж байсан юм. Тэгвэл энэ удаа Серенагийн эгч Винустэй аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.
Мугуруза 2016 оны Францын нээлттэй тэмцээнд түрүүлсэн бөгөөд энэ удаа “Уимблдон”-ы анхны түрүүгээ хүртэх эсэхийг харах л үлдлээ.
Винус Уильямс “Их дуулга”-д долоон түрүү хүртэхдээ “Уимблдон”-д таван удаа буюу 2000, 2001, 2005, 2007, 2008 онуудад түрүүлсэн юм. Гэхдээ тэрбээр хосын төрөлд дүү Серенагийн хамт хослон тоглож олон удаагийн аварга болсон. Тэр дундаа өнгөрсөн оны “Уимблдон”-д түрүүлж, Риогийн наадмын холимог хосод мөнгөн медаль хүртсэн юм.
Ахмад тамирчдын тоонд зүй ёсоор багтаж буй Винус Уильямс оны эхнээсээ өөрийгөө харих болоогүй гэдгээ харуулж “Австралийн нээлттэй тэмцээн”-ий финалд үлдсэн. Улмаар гурав дахь “Их дуулга” болох “Уимблдон”-ы финалд шалгаран үлдлээ.
Албан бус дэлхийн аварга гэгддэг “Уимблдон”-ы эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөөх тоглолт маргааш болно.